Өмнөд болон Хойд Солонгосын цэргийнхэн хоёр улсыг заагладаг цэрэггүй бүсийг минагүйжүүлэх ажлыг өчигдрөөс эхлүүлээд байна. Энэ тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнийг хэвлэлүүд дамжууллаа.
Мина цэвэрлэх ажиллагаа нь есдүгээр сарын дундуур хоёр Солонгосын удирдагч нарын гарын үсэг зурж, баталсан Пёньяны Тунхаглалын нэг хэсэг нь билээ. Тэд хилийн бүсийг зэвсэггүй болгох, цэргээ татах зэргээр талуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авахаар тохиролцсон билээ.
БНСУ-ын батлан хамгаалах яамнаас тооцоолж байгаагаар хоёр Солонгосыг заагладаг 38 дугаар өргөргийн дагуух 4 км-ийн өргөнтэй цэрэггүй бүсэд олон арван мянган мина булаатай байдаг байна. Минагүйжүүлэх эхний шатны ажлыг 20 хоногийн хугацаанд хоёр Солонгосын удирдагчдын дээд уулзалт болсон хилийн Панмунжом суурингийн хамтарсан хамгаалалтын бүсэд хийх юм байна. Уг ажиллагааны дараагаар энэ бүсэд 1950-1953 оны Солонгосын дайны үеэр амь насаа алдсан цэрэг дайчдын цогцосны үлдэгдлийг хамтдаа хайхаар тохиролцсоныг хэрэгжүүлэх аж.
Ионхап агентлагийн мэдээгээр Чхорвон орчимд 500 гаруй цэргийн цогцосны үлдэгдэл байгаагийн 300 нь НҮБ-ын далбаан дор байлдаж явсан цэрэг дайчдынх гэж үздэг байна.