Өнгөрсөн долоо хоногт Индонезид болсон газар хөдлөлт, цунамигийн гамшигт амиа алдагсдын тоо 832 болж, өмнөх тооноос даруй хоёр дахин өссөнийг Ням гарагт зарлалаа.
Мөн мянга мянган хүний хувь заяа тодорхойгүй байгаа тул хохирлын тоо цаашдаа нэмэгдэнэ гэж тус улсын онцгой байдлын агентлагийн төлөөлөгч Сутопо Пурво Нугрохо өчигдөр мэдэгджээ.
Халдварт өвчин дэгдэхээс сэргийлж, амиа алдагсдын цогцсыг бөөнөөр нь оршуулж байгааг тэр бас мэдээлсэн байна.
Гамшигт өртсөн олон бүс нутагт эрх баригчид хүрч чадаагүй байгаа тул амиа алдагсдын тоо хэдэн мянгаар хэмжигдэнэ гэж тооцоолжээ.
Баасан гарагт Индонезийн Сулавеси арлын Палу хот орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, дараа нь цунами үүссэн юм.
Палу хотод тухайн үед 71 гадаадын иргэн байсны ихэнх нь аюулгүй нөхцөлд байгааг засгийн газар мэдээлжээ. Нийт 17,000 иргэнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн байна.
Нийтдээ 2.4 сая хүн энэ удаагийн байгалийн гамшгийг ямар нэг хэмжээгээр мэдэрсэн гэж Индонезийн онцгой байдлын алба мэдээлжээ.