Хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн хэрэгт буруутгагдсан Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск АНУ-ын Үнэт Цаас, Арилжааны Хороотой тохиролцоонд хүрснийг өчигдөр зарлажээ. Тус хороо өнгөрсөн Пүрэв гарагт Илон Маскыг шүүхэд өгөөд байсан юм.
Тохиролцоо ёсоор Илон Маск болон Тесла компани тус бүр $20 саяын торгууль төлж, Маск 45 хоногийн дотор компанийн ТУЗ-ийн даргын суудлаа өгч, энэ албан тушаалд гурван жилийн хугацаанд дахин суух эрхгүй болж байгаа аж.
Илон Маск 15 жилийн өмнө цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийг үүсгэн байгуулалцсан юм. Наймдугаар сарын эхээр тэр Тесла компанийг нээлттэй компаниас хувийн компани болгох төлөвлөгөөгөө зарлаж, ингэхэд шаардлагатай их хэмжээний мөнгийг олсноо зарлаж байв. Гэхдээ сарын сүүлээр тэр энэ төлөвлөгөөгөө бүтэхгүй болсныг дахин мэдэгдэж байжээ.
Үнэт Цаас, Арилжааны Хороо хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн, компанитай холбоотой шийдвэрүүдийн талаар тус хороонд мэдэгдээгүй гэж Маскыг буруутгасан юм.