Вашингтон Хятадын Батлан хамгаалах яам Оросын цэргийн аж үйлдвэрийн газруудтай хамтран ажилласны төлөө хориг тавьсны хариуд БНХАУ-ын Гадаад яам АНУ-тай хамтран хийх арга хэмжээнүүдийг цуцалж байгаагаа зарлалаа.
Тухайлбал, Бээжин ойрын өдрүүдэд АНУ-д болох далайн тэнгист аюулгүй байдлыг сахин хамгаалахад чиглэсэн олон улсын хуралд оролцоохоос татгалзжээ. Үүнээс гадна Хятад-Америкийн цэргийн яам хоорондын харилцан ярианы хүрээнд энэ сарын 25-27-нд Бээжин хотноо болох байсан хоёр орны зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөгчдийн уулзалтыг цуцалж байгаагаа мэдэгдлээ.
Мөн Хятадын тал тус улсад суугаа АНУ-ын Элчин сайд Терри Бранстедийг гадаад яамандаа дуудан ирүүлж, нэн даруй алдаагаа засаж, хориг арга хэмжээгээ цуцлахыг шаардсан байна. Эс тэгвээс Хятадын зэвсэгт хүчин хариу арга хэмжээ авна гэдгийг Хятадын Гадаад яам мэдэгджээ. Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Сангийн яам БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн нэгдсэн штабын зэвсэглэл хариуцсан газар болон тус газрын дарга Ли Шанфугийн эсрэг хориг тавьсан.
АНУ-ын Сангийн яам ийм алхам хийснээ Хятад улс 2017 онд Оросын нисэх онгоц үйлдвэрлэгч Сухой компаниас "Су-35" загварын 10 сөнөөгч онгоц худалдаж авсан нь “Америкийн дайснуудад хориг арга хэмжээгээр шахалт үзүүлэх” тухай хуулийн заалтад багтаж байна гэж тайлбарласан. Үүнтэй холбогдуулан Хятадын эрх баригчид АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авч буй юм байна.