АНУ-ын бэлэн хувцас, цүнх, зүүлт чимэглэлийн Michael Kors компани Италийн хувцас загварын Versace компанийг $2.12 тэрбумаар худалдан авч байгааг өчигдөр зарлажээ.
Харьцангуй хямд бараа бүтээгдэхүүнтэй компани тансаг эдлэлийн брэндийг худалдан авч байгаа нь энэ юм. Тухайлбал Versace хийцийн ихэнх гар цүнх $2,000-аас дээш үнэтэй байдаг бол Michael Kors-ийн зарим цүнх $100 хүрэхгүй үнэтэй байдаг.
Тиймээс Versace-гийн фэнүүдийн дунд Америкчууд хайртай брэндийг нь устгах вий гэсэн болгоомжлол бий болж, сошиал орчинд энэ талаар бичицгээж байна.
Италийн компанийг өөртөө нэгтгэснээр Michael Kors компанийн нэрээ Capri Holdings болгон өөрчилж, дараах зорилтуудыг тавьж байгаагаа мэдэгджээ.
Үүнд:
-
Дэлхий даяар байгаа Versace-ийн дэлгүүрүүдийн тоог 200-аас 300 болгож нэмэгдүүлнэ. Michael Kors өөрөө нийт 829 дэлгүүртэй гэдэг.
-
Гутал болон аксесуарын үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлснээр одоо нийт орлогын 35 хувийг эзэлж байгааг 60 хувьд хүргэнэ.
-
Онлайн борлуулалтын сувгийг сайжруулна.
-
Орлогыг нь $2 тэрбумд хүргэнэ. 2017 онд Versace $800 сая орчмын орлого олж байжээ.
-
Маркетингийг нь сайжруулна. Саяхны судалгаагаар Versace нь хувцас загварын долоо дахь нэр хүндтэй брэндээр тодорч байжээ. Тэгвэл үүнийг дээшлүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Versace брэндийг 1978 онд Жианни Версаче Италийн Миланд үүсгэн байгуулж байв. Тэр 1997 онд бусдын гарт алагдаж, дараа нь дүү Донателла Версаче бизнесийг нь үргэлжлүүлсэн юм.
Одоо Донателла, түүний ах Санто, охин Аллегра нар нийлээд Versace-гийн 80 хувийг эзэмшдэг. Michael Kors-т компаниа зарсны дараа тэд Capri Holdings компанид хувь эзэмшигч болох ажээ.
Эх сурвалж: Business Insider