Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте өөрийнх нь дэглэмийг эрс шүүмжлэгч, сөрөг намын гишүүн Антони Трилланест 15 жилийн өмнө олгогдсон ял хэлтрүүлэх эрхийг нь түдгэлзүүлэн баривчлах зарлиг буулгажээ.
Трилланес энэхүү зарлигийг “тэнэг” хэмээгээд баривчлагдахдаа эсэргүүцэл үзүүлээгүй байна. Филиппиний өмнөх ерөнхийлөгч Бенигно Акуйно нь Трилланест 2003 онд цэргийн эргэлтэд оролцсоных нь дараа ял хэлтрүүлэх эрх олгосон байсан юм.
Гэвч Ерөнхийлөгч Дутертегийн талын Манила Таймс сонинд дээрх баривчилгааны зарлигийг нийтлэхдээ Трилланес нь өршөөл хүсээгүй, “өөрийн буруугаа хүлээн зөвшөөрсөн” хэмээн бичсэн байна.
Трилланес өөрийгөө хамгаалалтад авахыг хүсээд дээрх зарлиг гарахын өмнөх шөнийг Сенатын байранд өнгөрүүлсэн байна. Тэрээр Ройтерс агентлагт “Энэ бол цэвэр улс төрийн дарлал. Дутерте бол дарангуйлагч. Тэр хууль ёсыг хүндэтгэдэггүй” гэж хэлжээ.
Сенатын гишүүн Трилланес нь Дутертегийн идэвхтэй шүүмжлэгч бөгөөд түүний дарангуйлал, авлигын асуудлуудын талаар үзэл бодлоо байнга илэрхийлдэг байжээ. Ерөнхийлөгч Дутерте саяхан өөрийнх эсрэг авлигын хэрэг үүсгэн шалгаж байсан Авлигатай тэмцэх байгууллагын даргыг ажлаас нь чөлөөлсөн байна.