Гэмт хэргийн бүлэгт багтах нь бүх насны тамга дарагдлаа гэсэн үг. Гэмт хэргийн нийгэмлэгийн гишүүд шивээсээр өөрсдийгөө таньж байдаг утгаараа бол “тамгалагдсан хүмүүс” юм.
Якуза
Гарал үүсэл: Япон
Японы мафийн нийтлэг нэр нь Эдогийн эриний (XVII—XIX зуун) мөрийтэй тоглогчид ба дээрэмчдийн бүлгээс үүсэлтэй гэдэг. Якузагийн томоохон бүлэглэл нь хагас нууц байдалд байдаг ба бизнесийнхэнтэй хамтарч байгалийн гамшигт тусалж байдаг. Якузагийн онцгой таних тэмдэг нь бараг бүх биеийг эзэлсэн шивээс юм. Тэднийг гараар шивдэг ба урт хугацаатай, үнэтэй, өвдөлт ихтэй үйлдэл ажээ. Үр дүн нь тэсвэр тэвчээрийг харуулсан бахархал болдог. Бодьсадва, амьтан, ургамлын болон япон домгийн баатруудын дүрсийг голдуу шивүүлнэ. Шивээс бүр нь бэлгэдэл, зэрэг дэв, хаанахыг бүлэг гэдгийг харуулж байдаг.
Каморра (Camorra)
Гарал үүсэл: Кампаниа, Итали
XIX зууны эхээр үүсчээ. 200 орчим жилийн өмнө тэдний ёс зүй, дүрэм журам бий болжээ. Энэ нь Италийн хамгийн том гэмт хэргийн бүлэглэл байж магадгүй. Каморрад төвлөрсөн бүтэц байхгүй, гишүүд нь тэгш эрхтэй ба хоорондоо тэмцэлдэж иржээ. XIX зуунд каморрод хамрагдагчид шивээсээр ялгагдаж байлаа. Non toccare la mia famiglia («Манай гэр бүлийг бүү оролд») гэсэн сануулгатай шивээс голчлон байсан юм. Марко де Микко гэдэг хүчирхэг боссын бүлгийнхэн хүндэтгэлээ үзүүлэн биендээ Бодо гэдэг хочийг нь шивүүлдэг байжээ.
Стидда (Stidda)
Гарал үүсэл: Сицилиа, Итали
Харьцангуй залуу гэмт хэргийн сандикат. Түүнийг коза ностра бүлгээс хөөгдсөн мафийнхан 1980-аад онуудад үүсгэн байгуулсан ба голчлон хөдөө орон нутагт арлын төв ба өмнөд хэсэгт ажиллагаагаа явуулдаг. «Стидда» гэдэг үг нь сицил хэлнээс “од” гэж орчуулагддаг. Онцлох тэмдэг нь баруун гарын ногоон цэгүүдээс бүрэлдсэн “таван хошуу” юм. Цэгүүд нь i punti della malavita — «гэмт хэргийн амьдралын тамга» гэсэн утгатай.
Ндрангета (Ndrangheta)
Гарал үүсэл: Калабриа, Итали
Калабрийн мафийг анхлан гаргагчид нь арлаас 1860-аад онуудад хөөгдсөн сициличууд юм. Ндрангета бүлгийн онцлог нь хамаатан садны болон гэрлэлтийн холбоо болдог ба түүнд элсэхийг “загалмайлалт” гэж нэрлэдэг. Зэрэг дараалал бүрт нь өөрийн хувилгаан ивээгч бий. Ндрангетагийн шивээс зэрэг дэвийн нэр нь шашинтай их холбоотой. Жишээлбэл, vangelo («евангелие») зэрэгт элсэхэд мөрөн дээр нь загалмайг шивдэг. Мөн өөрсдийн ивээгч гэх шашины номлогч Михаилын дүрс шивүүлсэн ч байдаг.
Оросын мафи
Гарал үүсэл: хуучин Зөвлөлтийн орнууд
Зөвлөлтийн дараах үеэр үүссэн гэмт хэргийн ертөнцийн төлөөллийг Оросын мафи гэж гадаадынхан нэрлэдэг. Хоорондоо дайсагнадаг олон тооны бүлэглэлээс тэд бүрэлдэнэ. 1930 он гэхэд бүрэлдэн тогтсон гэмт хэргийн болон шоронгийн овгоруудын элитийн бүлэг нь тэднийг толгойлон өөрсдийн зэрэг дэв, журмыг сахихаар хичээдэг. Тэднийг шивээсээр нь ялгаж болно. Толгой нь титэмтэй нисч буй бүргэд, загалмай дундах хөзрийн өнгүүд, Титэм ба үсгийн угалзрал голчлон тааралдана. Найман хушуут одыг эгэмийн дор шивүүлэх нь “хулгайн хуулийг дагана” гэсэн утгатай.
«Армяны хүч» (Armenian power)
Гарал үүсэл: Калифорни муж, АНУ
Зөвлөлтөөс гаралтай хүмүүс наяад онуудад Лос-Анжелест үүсгэсэн гудамжны дээрэмчдын бүлэг байлаа. Өнөөдөр бол хүчтэй, олон тооны бүлэглэл болон дэлхийн гэмт хэргийн бүлэглэлүүдтэй холбоо сүлжээтэй болжээ. Armenian power бүлэглэл гудамжны бүлэг дээрэмчид болох залуусын жигүүртээ ихээхэн анхаарч, дэмждэг. Armenian power, AP, AP13, Armenian pride гэсэн үгийн шивээс тэдний ялгах тэмдэг юм.
Мексикийн мафи ла эме (La Eme)
Гарал үүсэл: Калифорни муж, АНУ
АНУ дахь эртний Мексикийн шоронгийн овгоруудын бүлэг. Анх 1957 онд гудамжны дээрэмчдийн испани хэлтнүүдийн бүлэг болон гарч иржээ. Энэ хүчирхэг бүлгийн бэлгэдэл нь алганы хээний шивээс бөгөөд дундаа M үсэгтэй («эме» — испани үсгийн нэр нь юм). «Бид түүнийг “үхлийн хар гар” гэдэг» хэмээн мафи байсан Боксчин хочтой нэгэн тайлбарлав. M үсэг ба түүний цагаан толгойн дарааллын 13 гэсэн тоог суреньос гэдэг калифорнийн гудамжны дээрэмчдийн гангеструуд шивүүлдэг. Тэд La Eme бүлэгт хамаарна.
Мексиканеми (Mexikanemi)
Гарал үүсэл: Техас муж, АНУ
La Eme шигээр шоронгийн атамануудаас үүсчээ. Наяад онуудад тэндхийн шоронгийн мексикчууд америк дээрэмчдээс өөрсдийгөө хамгаалахаар нэгдсэн байв. Одоо бол гэмт хэргийн хүчтэй сандикат болсон байгаа. Бүтэц нь армийн маягтай, тэдэнд өөрсдийн “генралууд”, “ахмадууд” бий. Дээр нь тэднийг Ерөнхийлөгч удирдана. Мексикийн далбаа ба сүлд дээрх савартаа могой атгасан бүргэдийн мөн М үсгийн хэлбэртэй далавч бүхий могой зэргийн шивээс тэдний онцлог юм.
Мара (Mara)
Гарал үүсэл: Калифорни муж, АНУ
Эхлээд тэд Лос-Анжелесийн гудамжны дээрэмчид байв. Энэ бүлэглэлийг Сальвадор ба Гондурасын цагаачид үүсгэжээ. Марерос бүлэг өөрсдийн бүлгийнхний шивээсээр биеэ бүрдэг. Олон улсын болсон энэ Mara Salvatrucha бүлгийн томчууд MS, MS-13 ба чөтгөрийн эврийн танил дохионы дүрсээр шивүүлдэг ажээ.
Триадууд
Гарал үүсэл: Хятад
«Триада» гэсэн нэрийн утга нь газар, тэнгэр, хүн гэсэн гурвын холбоог илэрхийлнэ. Эхлээд Манжуурын Цин овгийн эсрэг нууц бүлгэм маягаар үүссэн ба дараа нь тэр нэрээр гэмт хэргийн бүлэглэлийг нэрлэх болжээ. Одоо тэд Гонконгт байрладаг. Бэлэгдэл нь эртний хятадын тоон заалтууд болдог байна. Тэд галт шувуу ба луу шивүүлдэг ажээ.
Зургийг: ALAMY, DREAMSTIME (X2) / LEGION-MEDIA, ISTOCK (X5)
М.Цогт
Сэтгэгдэл (1)