Оросыг дагалдаад АНУ-ын үнэт цааснаас Турк салж байна. Вашингтоны үйл ажиллагаа нь тус оронд үндэсний валютыг нь унагасан юм. Анкара америкийн үнэт цаасны хадгаламжаасаа бараг дөрвөн тэрбум долларын цаасыг худалджээ.
Одоо бүх анхаарал Хятад руу чиглээд байна. Америкийн үнэт цаасны Бээжингийн мэдлийн багц нь 1,2 их наяд долларын үнэтэй. Хэрэв Хятад тэрнээс худалдаад эхэлбэл Цагаан ордон төсвөө тогтворжуулах мөнгийг зээлж чадахгүйд хүрнэ. Америкийг өрөнд оруулсан хөрөнгөө Хятад нэг хэсэгтээ буулгахад юу болохыг мэдэж байгаа учраас олон орнууд АНУ-д зээлдүүлэхээс татгалзах хүсэлтэй байгаа юм.
Орос үлгэр үзүүлэв
Дөрөвдүгээр сарын хориг ба Оросыг олон улсын системээс татгалзуулах занал, Оросын үнэт цаасыг худалдан авахаас татгалзуулах талын хязгаарлалт нь тус орны Төв банкийг шийдэмгий хөдөлгөхөд хүргэв. Дөрөв ба тавдугаар сард Орос өөрийн мэдлийн АНУ-ын үнэт цаасны багцынхаа 85 хувийг худалджээ. Төв банк трежерист оруулах мөнгөө 15 тэрбум хүртэл бууруулав. Жилийн эхээр тэр нь 100 тэрбум доллар байсан юм. Москва ба Вашингтоны харилцаа улам муудсаар байгаа. Есдүгээр сард АНУ-ын зүгээс эдийн засгийн шинэ хориг тавигдана гэсэн хүлээлт байгаа ба тэр нь Оросын валютын тогтворгүй байдлын ээлжит давалгааг гаргах нь мэдээж.
Үүнтэй зэрэгцээд АНУ Туркт бас цохилт өглөө. Анкара тагнуулын хэрэгт холбогдон баригдсан шашины зүтгэлтэн Эндрю Брансоныг чөлөөлөхөөс татгалзсаны дараа Вашингтон турк үйлдвэрийн ган ба хөнгөн цагааны татварыг 25 гаруй хувиар нэмлээ. Үүний үр дүнд хэд хоногийн дотор турк лирийн ханш эрчимтэй уналаа. Оны эхнээс Туркийн валют 40 хувиар үнэлгээгээ алдаад байна.
Турк трежерисээ худалдлаа
"Лирийн ханшны уналт нь санхүүгийн системийн томоохон тоглогчийн нарийн тооцоолсон довтолгоо” гэж Туркийн Сангийн сайд Берат Албайрак онцлов.
Тус орны Төв банк яаралтай арга хэмжээ зарлан санхүүгийн салбарынхаа төлбөрийн чадварыг хангахаар амлав. Үүний тулд Төв банк нь 10,5 тэрбум долларыг нөөцөөсөө гаргажээ.
Үүний хажуугаар Анкара АНУ-ын төрийн сангийн үнэт цаасанд оруулах хөрөнгөө төлөвлөгөөтэйгээр хорогдуулж байна. Тавдугаар сард Анкара 32,6 тэрбум долларын багцтай байснаа зургаадугаар сард тэр үзүүлэлтээ 28,8 тэрбум болтол буулгажээ.
Тийм бодлого нь бараг жил үргэлжилж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Анкара 61,2 тэрбум долларын трежеристэй байсан юм.
Бүх нийтийн худалдаа
Ийм маягаар Орос, Турк хоёр Америкийн өрийг баригч томоохон орнуудын тооноос гарч байна. Эдгээр цаасыг бусад орнууд авсан байгаа. Энэ тренд нь нийтийнх гэдэг нь оны эхнээс ойлгомжтой болсон юм. Дөрөвдүгээр сар гэхэд Америкийн сан хөмрөгийн үнэт цаасны хэмжээ гадаадын зээлдүүлэгч нарын портфельд 6,17 их наяд доллараар багасчээ.
Трежерисээс Мексик, Энэтхэг ба Тайвань салж байна. Америкийн хоёр дахь том зээлдүүлэгч Япон хөрөнгө оруулалтаа 17 тэрбумаар буулган 2011 оны аравдугаар сараас (1,031 их наяд) хойших хамгийн доод хэмжээнд хүргэлээ.
Эцэст нь, Америкт зээлдүүлэгчдийн лидер Хятад (1,18 их наяд доллар) багцаа 4,4 тэрбум доллараар буулгав.
Анхаарал Хятадад
Бээжин үнэт цаасны худалдааг нь үргэлжлүүлнэ гэж ажиглагчид үзэж байгаа. Гэхдээ тэр нь огт өөр түүх болно.
Бээжингийн гарт гадаадынхны эзэмшдэг Америкийн төрийн өрийн бараг 20 хувь атгагдаж байна. Трежерисийн илүү эсвэл ямар нэгэн хувиар тоглох нь АНУ-ын санхүүгийн системд болон долларын ханшинд аюултай.
Бээжин, Вашингтон хоёрын худалдааны дайн хүчээ авч байна. Харилцан бие биендээ тавьсан гаалийн татварын нэмэгдэл наймдугаар сарын 23-наас эхлэн үйлчилж эхлээд байна. Тэр хоёр орны харилцааг муутгахаас гадна дэлхийн худалдаанд ихээхэни гай тарих юм. Ийм нөхцөлд Хятад гол зэвсгээ хэрэглэх магадлал улам нэмэгдэж байна.
Сүүлийн хэдэн жилд Америкийн бондууд нь Бээжинд тэрбум тэрбум долларын ашиг өгч байв. 2016 оны сүүлч, 2017 оны эхээр Хятад Америкийн үнэт цаасанд оруулах хөрөнгөө юанийг бэхжүүлэх зорилгоор бууруулсан гэхдээ худалдсан бүгдээ эргүүлэн худалдаад авсан байгаа.
Эдийн засгийн удаашралт
Хэрэв тэвчих аргагүй нөхцөлд Бээжин Америкийн өрийн цаасны хэсгийг зарж магадгүй. Тэгвэл түүний үнэ унаж, ашгийн хүү нь нэмэгдэх болно. Тэр нь АНУ-ын хувьд компани ба хувь хүний зээлийн үнийг нэмэгдүүлнэ. Үнэт цаас гаргах нь Америкийн засгийн газарт үнэтэй арга хэмжээ болох ёстой.
Мэдээж, огцом хөдөлгөөнийг Хятад хийхгүй. Түүний сонирхолд нийцэхгүй. Хэрэв Хятад трежерисийг худалдлаа зах зээлд сандрал үүсэх нь мэдээж. Долларын ханш унах нь Хятадын экспортын зах зээлд гарзтай.
Америкийн эдийн засагт цохилт хийхэд трежерисээ бага зэрэг буулгах нь огт өөр хэрэг. Америкийн 10 жилийн хугацаатай үнэт цаасны ашгийн хувь өсч байгаагаас харахад Хятад тэр хөшүүргээ ашиглаад эхэлсэн гэхээр байна.
М.Цогт