Энэтхэгийн Керала мужид олон өдөр орсон аадар борооны улмаас үер бууж, их хэмжээний хохирол учруулж байгаа аж. Тус улсын Онцгой байдлын газраас мэдэгдсэнээр өчигдрийн байдлаар Кералад үерийн улмаас 350 гаруй хүн амиа алдаад байгаа гэнэ. Мужийн ихэнх хэсэг үерт аван иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн талаар “ВВС” агентлаг мэдээллээ.
Аврах ажиллагаанд армийн албан хаагчдыг дайчилж буй бөгөөд үерт авсан тус мужид улаан сэрэмжлүүлэг асаажээ. Аврагчид хүрч чадахгүй буй бүс нутгуудад нисдэг тэргээр хоол хүнс тараасан байна.
Кералагийн ерөнхий сайд Пинараяи Вижайа 5645 баазад 725 мянган иргэнийг хоргодох байранд оруулсан талаараа мэдээлсэн байна. Мөн тэрээр өчигдөр “Сүүлчийн хүнийг хүртэл аврах болно" хэмээн амласан байна.
Үүний зэрэгцээ гамшгийн менежментийн багийн тэргүүн Анил Васудеван “Иргэдийг түр орогнуулж байгаа тусламжийн баазад ус болон агаараар дамжиж халдварлах өвчний дэгдэлт гарч болзошгүй" хэмээн мэдэгджээ.