Олон Улсын Валютын сан (ОУВС) Украйн Улсын Авлигын хэрэг хянан шийдвэрлэх тусгай шүүх байгуулах шинэчилсэн төлөвлөгөөг баталжээ. Төлөвлөгөө нь хууль болон батлагдмагц тус сангаас 2 тэрбум ам долларын зээл олгох юм.
Энэхүү 2 тэрбум ам доллар нь Олон Улсын Валютын сангаас Украйн улсад зээлэхээр тохирсон нийт 17,5 тэрбум ам долларын нэг хэсэг ажээ. Уул овоо мэт их өрөнд идэгдсэн тус улс нь ОУВС-ын нөхцлүүдийг хангалттай биелүүлэхгүй байсны улмаас 2017 оны 4 дүгээр сараас хойш зээл олгохоо зогсоогоод байсан юм.
Ерөнхийлөгч Петро Порошенко 2017 оны сүүлээр авлигын хэргийн тусгай шүүх байгуулахаа зарласан бөгөөд хуулийн төслийн эхний хувилбарыг энэ оны 1 дүгээр сард танилцуулсан ч Украйн дахь ОУВС-ын төвийн даргын зүгээс ил тод, хариуцлагатай байдлыг хангаагүй байна хэмээн шүүмжилж байсан юм. 3 дугаар сард хуулийн эхний хэлэлцүүлэг болсон бөгөөд 6 дугаар сард буюу тус улс ботаникийн цэцэрлэгтээ авлигын сэдэвтэй парк байгуулснаас 7 хоногийн дараа шүүхийг байгуулсан байна.
Долоодугаар сард тус улсын парламент ОУВС-ын зөвлөмжүүдийг тусгасан шинэ хуулийг баталжээ. Энэхүү шүүх нь шүүгчдийг улс төрийн болон хээл хахуулийн нөлөөллөөс ангид ажиллах боломжоор хангаж, гадны хөрөнгө оруулагч нарт бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилготой аж.