Японы баруун өмнөд мужуудад орж эхэлсэн хүчтэй аадар борооны улмаас үер буун, хөрсний гулгалт үүсч, Даваа гарагийн байдлар 126 хүн амиа алдаж, 80 гаруй хүн сураггүй болоод байна.
Аадар бороо өнгөрсөн баасан гаригаас орж эхэлсэн ба гамшгийн бүсэд байгаа нийт 6.3 сая хүнд нүүх анхааруулга өгсөн бол одоо 11,000 орчим хүн нүүж чадалгүй хашигдаад байгаа гэнэ.
Японы цэрэг, цагдаагийн 73,000 алба хаагч гамшгийн газарт ажиллаж байна. Ерөнхий сайд Шинзо Абэ нөхцөл байдлын улмаас Европ, Ойрх Дорнодод хийхээр төлөвлөсөн айлчлалуудаа цуцалсан байна.
Гамшгийн голомт болоод байгаа Окаяма мужид 1,000 гаруй хүн байшингийн дээвэр дээр байгаа ба тэднийг нисдэг тэргээр аврах ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Үерээс гадна хөрсний гулгалт үүссэн нь иргэдийн амь насанд аюул учруулж байна. Одоогоор 28 мужийн 238 газарт хөрсний гулгалт үүссэн бол 200 гаруй суурин газар үерийн усанд автаад байгаа юм.
Үүнээс гадна Киото, Хирошима, Ямагучи мужууд дахь Тоёота, Мазда, Дайхацугийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоожээ.
Даваа гарагийн оройны байдлаар 12 мужийн 270,000 өрх айл усан хангамжгүй болж, 7 мужийн 5,100 өрх цахилгаангүй болсон байна. Мөн Японы баруун хэсэгт төмөр замын 10 компани 32 чиглэлээ түр зогсоожээ.