2019 санхүүгийн жилд АНУ-ын батлан хамаалахын зардал 716 тэрбум ам.доллар болж өсчээ.
Энэ сарын эхээр Батлан хамгаалахын төсвийг 2019 оны санхүүгийн жилд $716 тэрбум доллараар тогтоож өгсөн хуулийн төслийг (National Defence Authorization Act, NDAA). Америкийн сенат баталжээ. Одоо хуулийн төслийн тохироог хоёр танхим нь хийгээд дараа нь түүнийг Конгрессын хоёр танхим батлах болно. Үүний дараа Ерөнхийлөгч гарын үсгээ зуран хууль хэрэгжиж эхлэх юм.
Шинэ төсвийн нэг онцлог нь цэргийнхний мөнгөн хангамжийг 2,6%-иар ихэсгэсэн хэрэг боллоо. Мөн шинэ төсөв нь сүүлийн есөн жилийн дотор хамгийн их өсөлттэй болжээ. Бас дээр нь удирдлагын аппаратын мэдэгдэхүйц цомхотголыг тооцжээ.
2019 санхүүгийн жилийн Батлан хамаалахын хэрэглээний 617 тэрбумын төсвийн хүсэлт дээр дайны цагийн сангийн $68,5 тэрбум, мөн түүнчлэн цөмийн зэвсгийн хөтөлбөрийн болон Эрчим хүчний яамны энэ салбарын $30 тэрбум нэмэгдэн ерөнхийдөө 716 тэрбум доллар болон өсчээ.
Төсөвт зэвсэг, техник худалдан авахад $236,7 тэрбумыг төсөвлөсний $144,3 тэрбумыг шууд худалдан авахад, $92,4 тэрбумыг шинжлэх ухааны судалгаа ба зохион бүтээлтэд зориулах ажээ. Зэвсэг, техник худалдан авах үндсэн хөтөлбөр $92,3 тэрбум хүртэл өсчээ.
Цэргийн төсөвт хамгаас ихээр тодорхой бус байдлаар тогтоосон зардлууд өсчээ. Тухайлбал, “Байлдааны ажиллагааны дэмжлэгийг хангах”-ад $66,8 тэрбум доллар төсөвлөгдөв. Өнгөрсөн оны $49,9 тэрбумаас тэр нь $16,9 тэрбумаар давсан байна. Онгоц бүтээх ба түүнтэй холбоотой систем ($55,2 тэрбум) мөн хөлөг онгоц ба түүний систем ($33,1 тэрбум) зэрэгт өгч буй мөнгө цэргийн төсөвт хангалттай их харагдаж байна.
Нэгдүгээр ангиллын хүрээнд 77 сөнөөгч онгоц F-35 Joint Strike Fighters, 15 шатахуунаар цэнэглэх онгоц KC-46, 24 онгоц F/A-18, 60 цохилтын нисдэг тэрэг AH-64E, 6 ерөнхийлөгчийн нисдэг тэрэг VH-92, 8 нисдэг тэрэг CH-53K King Stallions зэргийг худалдан авна.
“Хөлөг онгоц бүтээх ба түүний систем”-ын хүрээнд “Виржиниа” төрлийн хоёр шумбагч, Arleigh Burke ангиллын гурван эсминец хөлөг, эргийн хамгаалалтын нэг хөлөг, CVN-78 төрлийн нэг онгоц тээгч, хурд сайтай хоёр танкер, нэг хөвөгч баазын хөлгийг худалдан авахаар төлөвлөжээ.
“Пуужингууд ба сум хэрэгсэл” ($20,7 тэрбум), “хуурай газрын систем” ($15,9 тэрбум) зэргийн заалтын зардал ч өндөр байгаа. Төсөвт цэргийн бүх төрөлд зардал нэмэгдсэн ч тэргүүлэх чиглэлээр Нисэх хүчин ба Тэнгисийн цэргийн хүчин мөн ирээдүйтэй технологийн салбарт Пуужингийн довтолгооноос хамгаалах систем ба сансрын хүчний хөгжлийг авч үзжээ. Энэ бүгд нь арми, флотыг дэлхийн тэргүүн байранд оруулахад чиглэгджээ.
АНУ-ын Батлан хамгаалахын төсвийн талаарх ерөнхий сэтгэгдэл нь америкчуудад өнөөдөр хэрэгтэй практик чиглэлүүд бөгөөд тэр нь цөмийн хоёр том гүрний даяарчлалын тулаан зогссонтой хамаатай дайны зардал биш, харин орчин цагийн сөргөлдөөнүүдэд байлдааны ажиллагаа явуулахад чиглэгджээ. Оросын ШУА-ын АНУ ба Канадын хүрээлэнгийн шинэжээч хошууч генерал Павел Золотарев төсөвт цөмийн зэвсгийн шинэчлэлтийн талаар тайлбар өгөхдөө, “цөмийн зэвсгийн шинэчлэл нь төлөвлөгөөний дагуу явагддаг ба одоо тэд үүнийгээ хийж эхэллээ. Манай хувьд тэр зэвсгийн баталгаат хугацаа нь тэднээс өмнө дууссан бол америкчуудынх одоо л эхэлж байна. Эрт орой хэзээ нэгэн цагт манайд ч тэдэнд ч шинэчлэлийн үе эхэлнэ. Одоо тэдний энэ үе эхэлж байна” хэмээн тайлбар хийв. Азаар тэр нь зэвсэглэлээр хөөцөлдөх үйл ажиллагааны эхлэл биш хэмээн генерал үзжээ. Түүний хэлснээр, пуужингийн довтолгооноос хамгаалах системийн хувьд одоо америкчууд тэдний тоог биш чанарыг нь сайжруулахаар шийдсэн байгаа гэнэ. Өнөөдөр тэд баллистик байгаа илрүүлж, дагалдах талын технологид мөнгөө оруулж байгаа ажээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис өөрөө орчин цагийн цэргийн сөргөлдөөнүүдэд оролцож туулсан хүн учраас байлдааны ажиллагаа явуулах бодит байдлаар гол чиглэлүүдээ, 2019 оны төсөвт суулгаж өгчээ. АНУ-ын стратегийн командлалын дарга нарын нэг тухайн цагтаа “хэзээ ч хэрэглэгдэхгүй юманд мөнгө суулгаад яах юм бэ” гэж хэлж байлаа. Жеймс Мэттис тэр гэрээслэлээр л явж байгаа бололтой.
Энэ төсөв, ерөнхийдөө өмнөөс тодорхой харагддаг бөгөөд харин зарим тоймчид нэн ялангуяа оросууд түүнд “асар их”, “урьд өмнө байгаагүй”, “дэлхийн аюулгүй байдалд заналхийлэл болсон” гэх мэтээр тодорхойлдог. Энэ удаа ч зарим орос хэвлэл төсвийг америкчуудад маш өндөр үнэтэйгээр тусна гэж уламжлалынхаа дагуу хэлсэн харагдана билээ. Гэтэл Америкийн эдийн засагт, тэдний амжиргааны төвшинд цэргийн зардал нь онцын нөлөөг үзүүлэхгүй, америкчууд өмнө нь яаж амьдарч байсан түүн шигээ л амьдраад явна. АНУ-ын цэргийн зардал нь тэдний дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж гурав орчим хувь юм.
Тэмдэглэхэд, АНУ-ын цэргийн зардал 2017 онд дэлхийн томоохон орнуудын дунд хамгийн их 610,19 тэрбум доллар байсан (дэлхийн хэмжээний -35%, ДНБ-ний -3,1%) юм. Дараалаад Хятад ($228 тэрбум, дэлхийн хэмжээний -13%, ДНБ-ний -1,9%), Саудын Араб ($69,4 тэрбум, дэлхийн хэмжээний -4%, ДНБ-ний -10%), Орос ($66,3 тэрбум, дэлхийн хэмжээний -3,8%, ДНБ-ний -4,3%), Энэтхэг ($63,9 тэрбум, дэлхийн хэмжээний -3,7%, ДНБ-ний -2,5%), Франц ($57,8 тэрбум, дэлхийн хэмжээний -3,3%, ДНБ-ний -2,3%), Их Британи ($47,2 тэрбум, дэлхийн хэмжээний -2,7%, ДНБ-ний -1,8%) жагсчээ.
М.Цогт