Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнээс болж Герман улс сард 618 сая еврогийн алдагдал амсч байна. Ийм тооцоо дүгнэлтийг Германы Альтернатив намаас Бундестагт сонгогдсон гишүүн Маркус Фронмайер хийсэн байна. Тэрээр Оросын Известия сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгджээ. ОХУ ын эсрэг авсан хоригоос болж Европын Холбооны гишүүн орнуудад учирч байгаа нийт хохирлын 40 хувь нь Германд ногдож байгааг тэрээр дэлгэрүүлж мэдэгдсэн юм.
Түүнчлэн энэ хориг арга хэмжээнүүд болон Орос Германы худалдааны харилцаа муудаж байгаа нь Германы үндэсний ашиг сонирхолтой харшилж байгааг ч тэрээр сануулсан байна. Украины зүүн нутаг дахь хямрал мөргөлдөөнөөс болж 2014 оны зунаас эхлэн Европын Холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн.
Энэ сард Европын Холбооны зөвлөл хориг арга хэмжээний хүчинтэй хугацааг 2019 оны 6 сарын 23 ныг хүртэл сунгаад байгаа юм. Москва Украины дотоодын хямрал мөргөлдөөнд оролцогч тал биш гэдгээ нэг бус удаа мэдэгдэж ирсэн. Мөн Европчуудын эсрэг хариу хориг арга хэмжээ авсан билээ.
mnb.mn