Ливийн эргийн ойролцоо сүүлийн долоо хоногийн туршид далайд яваа Нидерландын туг далбаан дорх “Lifeline” хөлөг дээрх гадны хууль бус цагаач дүрвэгсдийн асуудал шийдэгдэж байна. Ливийн эргийн орчимд далайд яваа хөлгийг Италийн эрх баригчид хүлээж авахаас татгалзсанаас тавцан дээрээ 230 цагаач дүрвэгсэдтэй яваа хөлөг хүмүүсийг хэрхэхээ мэдэхгүй ийнхүү дундын бүсэд гацаад байсан юм.
Тэгвэл ийнхүү наашаа ч үгүй, цаашаа ч үгүй хувь заяаны эрхэнд хэрхэх нь тодорхойгүй үлдээд байсан “Lifeline” хөлөг дээрх дүрвэгсдийг ЕХ-ны 6 улс орон хуваан хүлээн авахаар зөвшөөрчээ.
Энэ талаар Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Ватиканд Дэлхийн католик шашны тэргүүн нэгдүгээр Францисктай уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна.
ЕХ-ны улс орнууд хууль бус дүрвэгсдийн асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэхээ хэлэлцэн, энэ сарын 28-29-ний хооронд болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар энэ сэдвийг тэргүүн эгнээндээ тавин хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Тэгвэл энэ уулзалтаас өмнө Европын орнууд далайд бүтэн долоо хоног яваа “Lifeline” хөлөг дээрх хүмүүсийг хүлээж авч, асуудлыг нь шийдэхээр тохиролцжээ.
“Lifeline” хөлөг дээрх дүрвэгсдийг Франц, Португали, Итали, Мальта зэрэг орнууд хүлээн авахаар зөвшөөрсөн байна. Түүнчлэн “Lifeline” хөлгийн нэгэн адил далайд яваа Данийн “Alexander Maersk” хөлөг дээр байгаа 108 дүрвэгчийг Сицилийн Поццало боомт руу орж зангуугаа хаях зөвшөөрөл олгожээ.
“Alexander Maersk” худалдааны хөлөг далайд аялж явахдаа осолдсон дүрвэгсэдтэй таарч тэднийг хөлөг дээрээ авсан байна.