2018 оны 3 сарын 14 ны өдөр их хэмжээний үнэт металл ачиж явсан онгоцны хаалга дэлгэгдэж, алт, мөнгөн гулдмайнуудыг газарт асгажээ.
Чукоткийн Купол уурхайгаас ачаа ачаад буцаж явсан Антонов онгоц Якутскийн нисэх буудалд түр саатаж, шатахуунаар цэнэглээд дахин хөөрөх үеэр нисэх онгоцны хаалга дэлгэгдэж 200 орчим гулдмайг хөөрөх зурвас дагуу асгажээ. Онгоц нийтдээ 9.3 тонн үнэт металл тээвэрлэж явсан байна.
Нисэх онгоц эргэн газардаж, цагдаа нар гулдмайнууд цацагдсан талбайг даруй хамгаалалтад авч ачааны хэсгийн хаалганд их хэмжээний даралт учруулснаас эвдрэл гарч дэлгэгдсэнийг мөрдөн байцаагчид мэдээлжээ.
Асгарсан гулдмайнуудын жин 3.4 тонн хүрсэн бөгөөд бүгд алт байгаагүй, зарим хэсэг нь мөнгө байсан гэнэ.
Куполын уурхайд Канадын Кинросс Гоулд компани олборлолт явуулдаг байна. Энэхүү хэрэг явдлын үеэр хохирол гараагүй, бүх гулдмайг эргүүлэн олж авсан гэж тус компанийн төлөөлөгч мэдээлэв.