Их Британийн засгийн газар Pfizer, BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд өнөөдөр албан ёсоор зөвшөөрөл олголоо.
Ингэснээр тус улсад коронавируст халдварын эсрэг бүх нийтийн вакцинжуулалт ирэх долоо хоногт эхлэхээр боллоо.
Энэ талаар Их Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок өөрийн твиттер хуудаснаа “Эрүүлжих цаг ирлээ. Вакцинжуулах ажлыг ирэх долоо хоногийн эхээр эхлүүлнэ” гэж жиргэжээ.
Их Британийн засгийн газар эхний ээлжинд 40 сая тунг захиалаад байгаа аж.
Тус компаниуд хэдхэн хоногийн дотор 10 сая тун вакцин үйлдвэрээсээ гарах бөгөөд бүгдийг Их Британид нийлүүлэхээр болжээ.
Нэг вакциныг бүтээхэд 10 орчим жил зарцуулдаг бол АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниуд 10 сарын дотор вакцин гаргасан нь түүхэнд хамгийн богино хугацаа зарцуулсан тохиолдол болж бүртгэгдэж байна.
Дашрамд, Эмийн үйлдвэрийн Moderna компани өөрсдийн бүтээсэн "Ковид-19" эсрэг вакцины зөвшөөрлийг авахаар АНУ-ын Хүнс, эмийн захиргаанд хүсэлтээ гаргасан. Хэрэв зөвшөөрөл олговол АНУ-д Арванхоёрдугаар сарын сүүлчээр коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг хийж эхлэх юм.
Moderna компанийн вакцин өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд 100 хувь үр дүнтэй байгаа гэж мэдээлээд буй.
Эх сурвалж: bbc.com