БНХАУ-ын дарга Си Зиньпиний эхлүүлсэн авлигатай тэмцэх ажиллагааны хүрээнд авлигаар хөрөнгөжиж дэлхийн 90 гаруй оронд гаран нуугдаж байсан 4000 гаруй гэмт хэрэгтнийг саатуулан эх орондоо эргүүлэн авчирсан гэж Хятадын коммунист намын сахилга батын төв комисс пүрэв гарагт мэдээлжээ.
Баримт бичигт дурдсанаар бол 2018 оны дөрөвдүгээр сарын эцэс гэхэд нийт 4141 гэмт хэрэгтнийг эргүүлэн авичрсан гэжээ. Эдний дунд төрийн албан хаагч 825, БНХАУ-ын Засгийн газраас эрэн сурвалжилж, Интерполын улаан жагсаалтад орсон 100 хүнээс 52 хүн байна. Үүний зэрэгцээ Бээжин улс орноос нь хууль бусаар авч гарсан 10 тэрбум юань буюу 1,58 тэрбум орчим долларыг эргүүлэн авчирсан байна.
Авлигатай тэмцэх Sky Net кампани 2015 оны дөрөвдүгээр сард эхэлж коммунист намны гишүүд, албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгаж эхэлсэн юм. ХКН авлигад сэжиглэгдсэн ч оргон зайлсан 100 гаруй хүний нэрсийг Интерполд өгөн эрэн сурвалжлуулж эхэлснийг Интерпол “улаан жагсаалт”-даа оруулжээ.
Энэ оны дөрөвдүгээр сараас Бээжин эх орноосоо зугтаасан авлигачдыг эрж хайхын зэрэгцээ тэдний гадаадад байршуулсан хөрөнгийг эргүүлж авчрах шинэ ажиллагаа эхлүүлж оффшор компани, банкны нууц данс зэргийг шалгаж эхэлсэн юм. Энэ бүхнийг БНХАУ-ын нийгмийн аюулгүй байдлын яам, Хятадын Ардынбанктай хамтран хэрэгжүүлж байгаа юм байна.
Энэ ажиллагааны талаар Шанхай хотын Нийгмийн аюулгүй байдлын удирдах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Ли Гунзин Xinmin Weekly сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Гадаадад зугтаж гарсан гэмт хэрэгтэн луу шиг тэнгэрт нисчихлээ гэж бодож байлаа ч хаана байгаа учиг бидэнд заавал олдоно, бид олох л болно” гэснийг оросын мэдээллийн tass.ru агентлаг дамжуулсан байна.