Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Вашингтон хотод хүрэлцэн очоод байна. Өнөөдөр "Цагаан ордон"-д АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалт хэлэлцээ болох гэж байна. Энэ уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагаанаас гадна Солонгосын хойг, худалдааны хориг саадтай холбоотой асуудлыг онцгойлон хөндөхөөр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн юм.
Тэрбээр АНУ-ыг зорихоосоо өмнө хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа АНУ, Хойд Солонгосын дээд уулзалтын өмнө Хойдод хулгайлагдсан Япон иргэд, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд тус улстай холбоотой бодлого үйл ажиллагааг харилцан уялдуулж зохицуулахын төлөө байгаагаа мэдэгдсэн юм.
Түүнчлэн АНУ-ын импортын гаалийн татвартай холбоотой асуудлыг хөндөж ярихаар төлөвлөж байгаа тухай нь хэвлэлүүд мэдээлж байна. АНУ хөнгөн цагаан, гангийн импортод гаалийн татвар ногдуулахаар шийдвэрлэснээс болж дэлхийн эдийн засагт эмх замбараагүй байдал үүсч болзошгүй гэж болгоомжилж байгааг Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга илэрхийлсэн. Мөн энэ нь АНУ, Япон улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд төдийгүй дэлхийн олон талт худалдааны системд ч хүчтэй нөлөө үзүүлж магадгүй байгаад харамсаж байгааг тэрбээр илэрхийлсэн юм.
Япон улсын энэ байр суурийг Ерөнхий сайд Шинзо Абэгийн Вашингтонд хийх уулзалтын үеэр болон Канадад болох "Их 7" - гийн дээд уулзалт дээр ч илэрхийлэхээр төлөвлөж байгааг Ёсихидо Суга мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор худалдааны хориг саадтай холбоотой асуудлыг Трамп, Абэ нарын уулзалтаар онцлон хөндөнө гэсэн хүлээлт байна.
Эх сурвалж: MNB.MN