Гватемалын эрх баригчид галт уулсын урсч байгаа халуун лааванд түлэгдэж 25 хүн амиа алдсаныг мэдэгдэж байна. Төв Америкийн хойд хэсэгт орших Гватемал улсын Фуего нэртэй галт уул орон нутгийн цагаар Ням гаригийн өглөө маш хүчтэй идэвхжиж халуун үнс нурмаа цацаж тус бүс нутгийн ойр орчмыг битүү хар утаа бүрхээд байна. Дэлбэрэлтийн үеэр бараг гурван км өндөрт үнс нурам цацагдаж байжээ. Мөн 20 гаруй хүн ор сураггүй болоод байгаа юм байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор галт уул дэлбэрэх үйл явц дор хаяж 12 цаг үргэлжлэх төлөвтэй байна. Мөн галт уулын ойр орчмын бүс нутгаас 1,7 сая иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Уг галт уул нь нийслэл хотоос ердөө 40 км-ийн зайд оршдог. Галт уулын лаав уулын бэл даган урсч 20 гаруй км-ийн зайтай оршдог тосгоныг дайран өнгөрөхдөө ийнхүү хүний аминд хүрсэн байна. Хэрвээ галт уулаас гарах лав энэ эрчээрээ урссаар нийслэлийн захын цэгт хүрч очиж болзошгүйг анхааруулж байна.
Гватемал улсын ерөнхийлөгч, байгалийн энэ гамшигт үзэгдлийн улмаас үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас, улсдаа 3 хоногийн онц байдал зарлаад байна. Төв Америкийн хамгийн их хүн амтай улсын тоонд ордог Гватемал улсын Фуего нэртэй 3760 метрийн өндөртэй энэхүү галт уул нь, дэлхийн хамгийн идэвхтэй байдаг 10 галт уулын нэг юм. Ер нь байнгын идэвхтэй 15-20 минут тутамд бага хэмжээний дэлбэрэлт үүсгэж үнс нурмаа цацаж байдаг байна.
Оршин суугчдын хэлж байгаагаар уг галт уул нь хамгийн сүүлд, 1974 болон 2015 онд маш хүчтэй оргилж, халуун лав урсаж байсан тухай мэдээлж байна.
Эх сурвалж: MNB.MN