АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп өчигдөр "Цагаан ордон"-д Хойд Солонгосын армын генерал Ким Ён Чолыг хүлээн авч уулзлаа. Ким Ён Чол нь сүүлийн 18 жилийн хугацаанд АНУ-д ирсэн Пёньяны хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа юм. Уулзалтын дараа Ерөнхийлөгч Трамп энэ сарын 12-нд Сингапур улсад Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх дээд хэмжээний уулзалт товлосныхоо дагуу болно гэдгийг мэдэгдлээ.
Тэрээр энэ удаагийн уулзалтаар Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь бүрмөсөн салгах үр дүнд шууд хүрэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Ямартай ч цөмийн зэвсгээс ангижруулах үйл явц энэ уулзалтаар эхэлнэ, сайн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ерөнхийлөгч Трамп хэлсэн байна.
Тэр Хойд Солонгосын талд хандаж “бид хурдан шийдэж болно, эсвэл алгуур шийдэж болно. Хугацаагаа та нар сонго” гэж хэлсэн тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, генерал Ким Ён Чолоор дамжуулж АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампад хувийн захидал илгээсэн байна. Энэхүү захидлыг Ким Ён Чол Дональд Трамптай уулзах үеэрээ өөрийн биеэр гардуулж өгсөн байна.
Ерөнхийлөгч Трамп энэ захидлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй олон нийтэд өгнө гэж хэлсэн байна. Уулзалтын үеэр талуудын хөндөн ярилцсан гол асуудал бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлын эргэн тойронд хэлэлцсэн сэдвүүд байжээ. Хойд Солонгосын талаас ч энэ асуудалд нааштай байр суурь илэрхийлсэн учир Вашингтоны талаас уулзалтыг товлосон хугацаанд болно гэдгийг итгэлтэйгээр мэдэгдлээ гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.