АНУ-ын төлөөлөгчид хоёр орны удирдагчдын уулзалтын бэлтгэлийг хэлэлцэхээр Хойд Солонгост ирээд байна. Яриа хэлэлцээнд Америкийн талаас Сөүлд АНУ-ын элчин сайд байсан Сун Ким оролцож байна. Энэ хүн өмнө нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээнд оролцож байсан хүн юм. Сун Ким өнөө өглөө БНАСАУ-ын гадаад хэргийн орлогч сайд Чой Сон Хи-тэй уулзсан байна. Яриа хэлэлцээ өнөө, маргааш үргэлжлэх аж.
Өнгөрсөн пүрэв гарагт Трамп Кимтэй хийхээр товлосон уулзалтыг цуцалж, цуцлах болсон шалгаан нь Пхеньяны сүрдүүлсэн, заналхийлсэн мэдэгдэл гэсэн ч БНАСАУ-ын зүгээс хийсэн эвлэрэх шинж маягтай мэдэгдлийн дараа байр сууриа зөөлрүүлж, уулзалт болж болзошгүй талаар мэдэгдсэн. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ: “6-р сарын 12-н гэсэн тов хүчинтэй байгааг” зарласан. Энд нэг зүйлийг онцлоход Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Америкийн ерөнхийлөгчтэй уулзахыг маш их хүсэж байгаа бололтой. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй гэнэт уулзсан. Хойд Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн уламжилснаар, 2 орны удирдагчид байнга уулзаж байхаар тохирсон байна. Мөн тэд янз бүрийн сэдэв хэлэлцэж, бүтэн 2 цаг гаруй илэн далангүй ярилцсан. Ким Жон Ун, Мүүн Жэ Ин хоёрын хоёр дахь уулзалт 2 Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмунжом сууринд болсон.
Хоёр удирдагч дараагийн уулзалтаа ирэх баасан гарагт хийхээр товлосон ч одоогоор энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Тэгвэл Дональд Трамп Хойд Солонгосыг хөгжил цэцэглэлт, эдийн засгийн нааштай хэтийн төлөв угтаж байгааг мэдэгдлээ. Тэрбээр өөрийн “Твиттер” хуудсандаа: Америкийн засгийн газрын төлөөлөгчид Америк-Хойд Солонгосын түүхэн уулзалтыг хэлэлцэхээр Панмунжомд ирсэн гэдгийг нотолсон.
“Манай төлөөлөгчид миний Кимтэй хийх уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцэхээр Хойд Солонгост очсон, энэ бүгдээс үзэхэд Хойд Солонгост маш сайхан ирээдүй харагдаж байгаа төдийгүй хэзээ нэгэн цагт тус улс санхүү, эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй улс болох нь тодорхой, Ким Жон Ун надтай санал нэг байгаа, энэ бол болж бүтэх зүйл” гэжээ.