Сингапурт ирэх сарын 12-нд уулзахаар төлөвлөвлөөд байсан хоёр талын уулзалтаас татгалзаж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын лидер Ким Жон Унд захидал илгээн мэдэгдсэн билээ. БНАСАУ цөмийн зэвсгээсээ татгалзахгүй бол Ливийн хувь тавиланг давтана гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс хэлснийг Пхеньян хатуухан шүүмжилсний дараа Трамп уулзалтаасаа татгалзсан юм.
Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин ирэх сарын 12-нд Сингапурт АНУ, БНАСАУ-ын удирдагчид уулзалт хэлэлцээгээ хийхээр тохиролцоонд хүрч чадвал энэ уулзалтад оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Тодруулбал, Сингапурт гурван талын уулзалт хийхэд бэлэн байгаагаа ийнхүү илэрхийлжээ. Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзалт хэлэлцээ хийснийхээ дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр гурван талт уулзалт зохион байгуулах боломжтойг анх мэдэгдсэн юм. АНУ, Хойд Солонгосын дээд уулзалтын бэлтгэлийг хоёр тал хангаж эхэлсэн. Энэ бэлтгэл ажлын үр дүнгээс дараагийн хийх алхмуудаа тодорхойлохоор төлөвлөж байгааг Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.