Орчин үеийн дэвшилтэт технологи дан ганц хүний амьдралын хэв маягийг сайжруулахад чиглэгддэггүй. Үүнээс гадна амьдралын бүрэн бүтэн мэдрэмжийг төрүүлэхүйц, нийгэмд тэгш эрхтэйгээр хөл нийлүүлэн алхах боломжийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгож байдаг юм. Эдгээрийн нэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцрийг өөрөө явагч сандал болгох. Тэгвэл саяхан ОХУ-ын Новосибирск хотод хүний оюун ухаанаар удирдаж болдог тэргэнцрийг бүтээж танилцуулсан нь олны дунд багагүй анхаарал татсан мэдээлэл боллоо.
Хөгжлийн бэрхшээл, тэр дотроо хөдөлгөөний бэрхшээлд орсон хүмүүст хамгийн тохиромжтой бүтээл болсон гэж мэргэжилтнүүд үзэж болно. Хөл, гар, их бие нь мэдээгүй ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй хүмүүс оюун ухаанаараа тэргэнцрийг удирдаж, хүссэн газраа хүрч очих боломжтой болоход энэ харагдаж байгаа тэргэнцэр чухал үүрэг гүйцэтгэж чадна. Үүнийг ОХУ-ын Новосибирск хотын Улсын технологийн их сургуулийн төгсөгч оюутан Иван Невзоровбүтээсэн байна. Анх түүнд 3 жилийн өмнө зөвхөн хүзүүний хэсгээрээ л хөдөлгөөн хийж чаддаг хөгжлийн бэрхшээлтэй хүн хандаж түүний байдалд тохирсон тэргэнцрийг бүтээж өгөхийг хүссэн байна.
Түүний хүсэлтийн дагуу хүний хүзүү болон оюун бодолд тулгуурлан өөрөө явагч тэргэнцрийг бүтээжээ. Эхлээд хүзүүний урагш тонгойх болон хойш гэдийх хөдөлгөөнд урагш, хойш хийх хөдөлгөөний үйлдэлтэйг зохион бүтээсэн байна. Үүнийхээ дараагаар зөвхөн урагшаа болон хойшоо хөдөлдөг тэргэнцэр нь учир дутагдалтай гэнэ. Хэрэв шаттай тулгарвал ямар ч хэрэггүй тэргэнцэр юм байна гэдгийг ойлгоод шатны өөд өгсөх, уруу буух боломжтой болгон өөрчлөн бүтээжээ. Тэргэнцрийн үндсэн 4 дугуй дотогш эвхэгдэн доод талаас нь зөөлөн гинжит дугуй гарч ирэн шатны хурц ирмэгийг мацаж гарах чадвартай болсон байна.
Энэ бүгдийг тэргэнцэр дээр суух хөгжлийн бэрхшээлтэй хүн толгойдоо зүүсэн тусгай дуулганы тусламжтайгаар хийнэ. Энэ тусгай дуулга нь хүний тархины судасны гүйдлийг мэдрэн аливаа үйлдлийн мэдээллээ боловсруулдаг аж. Одоогоор зохион бүтээгч залуу аюулгүй байдлыг нь сайжруулах нэмэлт программ хангамжийн ажил дээр судалгаа туршилтаа үргэлжлүүлж байгаа хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: MNB.MN