Цагаан ордноос АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалтаа цуцалсныг мэдээллээ.
Тэдний хийх дээд хэмжээний уулзалт ирэх 6 дугаар сарын 12-нд Сингапурт болохоор товлогдоод байсан. Гэвч Цагаан ордны зүгээс тус уулзалтыг ийнхүү цуцлах шийдвэрийг гаргаад байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд захидал илгээсэн бөгөөд захидалдаа “Удаан хугацаанд төлөвлөж байсан уулзалтыг энэ удаад хийхэд тохиромжгүй гэж үзэж байна” гэж бичжээ.
Трамп ирэх сард болох уулзалтад ихээхэн ач холбогдол өгөн хүлээж байсан хэдий ч Ким Жон Уны сүүлд гаргасан мэдэгдэлд “асар их уур хилэн, ил тод дайсагнал” агуулагдаж байгаагаас шалтгаалан татгалзахаар шийдсэнээ тайлбарлажээ.
Тэр мөн хэзээ нэгэн цагт Ким Жон Унтай уулзана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд өөрийн иргэдийг нь сулласанд талархсан байна.
Эцэст нь Трамп “Хэрвээ бодлоо өөрчилбөл дуртай үедээ холбогдохыг” хүсээд энх тайван амьдрах, хөгжиж дэвших боломжоо Хойд Солонгос алдаж байгаад харамсаж байгаагаа бичжээ.
Харин Хойд Солонгос "Пхунгери" цөмийн талбайн зүүн хойд хэсэг орших газар доорх 2 дугаар хонгилоо өнөө өглөө орон нутгийн цагаар 11 цагийн орчимд дэлбэлж устгаад байгаа юм.