АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улс түүхэндээ хамгийн хатууд тооцогдох хориг арга хэмжээг Ираны эсрэг авахаар төлөвлөж байгааг зарлалаа. Ийм нэмэлт хориг арга хэмжээ авсны дараагаар "Иран улс өөрийн эдийн засгаа гүн хямралд өртүүлэхгүйн тулд тэмцэх хэрэгтэй болно" гэдгийг тэрээр анхааруулсан юм.
Үүний зэрэгцээ, Ираны түрэмгийллийг тогтоон барихын тулд АНУ бүс нутаг дахь холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллах болно хэмээн амласан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 8-ны өдөр Ирантай 2015 онд байгуулсан цөмийн хөтөлбөртэй нь холбоотой олон талт гэрээнээс гарахаа зарласан. Харин өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Иран шинэ гэрээ байгуулахынхаа өмнө 12 шаардлагыг нь биелүүлэх ёстойг мэдэгдсэн.
Үүнд: Сирийн нутгаас цэргээ гаргах, Йемений босогчдыг дэмжихээ зогсоох, Олон улсын атомын энергийн агентлагт цөмийн хөтөлбөрийнхөө талаарх тайлан илтгэлээ танилцуулж энэ хөтөлбөрөө сэргээхгүй гэсэн үүрэг амлалтыг хугацаагүйгээр авах ёстой гэсэн шаардлагууд багтсан байна. Үүний зэрэгцээ хөрш орнууд түүний дотор Израиль, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмирт улсуудын эсрэг заналхийлэл үйл ажиллагаа явуулахаа зогсоох, Иранд саатуулж байгаа АНУ болон Америкийн Холбоотон орнуудын иргэдийг суллах шаардлага ч багтжээ.
Мөн АНУ үнэхээр тус улсын бодлогод бодит өөрчлөлт гарлаа гэж үзэх юм бол Ираны эсрэг хоригоо цуцлах болно гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга онцлон мэдэгдсэн юм. Харин түүний энэ мэдэгдлийн хариуг бусдаас түрүүлж Ираны гадаад хэргийн сайд ЖавадЗариф өгсөн. Тэрээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын мэдэгдлийг Ираны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй хэрэг, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улсыг сүрдүүлж байгаа учир Тегеран шүүхэд хандах эрхээ ашиглах болно хэмээн мэдэгдлээ.
Иран цөмийн хөтөлбөрийн гэрээнд нэгдсэн бусад улс орнуудтай шийдлийг хамтдаа хайх болно хэмээн мэдэгдсэн юм. АНУ-аас гадна энэ гэрээнд нэгдсэн Франц, Герман, Их Британи, ОХУ, БНХАУ зэрэг улс орнууд АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг буруушааж байгаагийн дээр гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид ч биелүүлэх болно гэж амлаж байгаа юм. Харин энэ гэрээ байгуулагдсан даруйд Ирантай бизнес хийж эхэлсэн Европын томоохон компаниудын хувьд Ирантай цаашид хамтарч АНУ-ын хоригт орох, эсвэл тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоох 2 сонголтын өмнө ирээд байна. АНУ-ын хоригоос болж хүчингүй болох томоохон гэрээ хэлцлийн дотор Францын эрчим хүчний "Тотал" компанийн Ираны хийн ордыг ашиглах 5 тэрбум ам.долларын гэрээ, Норвегийн "Сага Энержи" компанийн нарны станц барих 3 тэрбум ам.долларын гэрээ, Эйрбасийн 100 онгоц нийлүүлэх гэрээ зэрэг орж байна.