Энэтхэгийн цагдаагийн газар хар тамхи хилээр гаргах гэж завдсан эмэгтэйг баривчилжээ. Эмэгтэйн гэдэснээс 106 ширхэг капсултай кокайн төрлийн хар тамхи олдсон байна.
25 настай гадаад иргэншилтэй эмэгтэйг тавдугаар сарын 14-нд Дели хотын олон улсын нисэх онгоцны буудалд хилээр нэвтрэх гэж байхад нь баривчилсан байна. Түүнээс хойш эмэгтэйг эмнэлэгт долоо хоногийн турш хэвтүүлсэн бөгөөд туулгах замаар гэдэс дэх кокайныг гаргаж авсан хэмээн цагдаагийн байгууллага мэдэгджээ.
Цагдаа байгуулагын мэдээллээр энэ эмэгтэй нь уг кокаин бүхий капсулуудыг Бразилийн Сан-Паулу хотод залгисан бөгөөд Шинэ Дели хотод буй Нигерийн нэгэн иргэнд дамжуулж өгөхөөр явж байсан ажээ. Энэ кокаиныг авах ёстой байсан Нигерийн иргэнийг цагдаа нар одоо эрэн хайж байгаа гэнэ.
106 ширхэг капсултай кокайн нийт 50 сая рупи /734,000 ам.доллар/ хүрэх аж. Мөн уг хар тамхи нь Колумбаас авчирдаг өндөр чанар бүхий кокайн байсан гэжээ.
Эх сурвалж: BBC