Туркийн дээд шүүх өчигдөр тус улсын цэргийн 104 алба хаагчдад, төрийн эргэлт хийхийг завдсан гэсэн үндэслэлээр бүх насаар нь хорих ял оноосон байна.
Туркэд 2016 оны долдугаар сарын 15-нд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг түлхэн унагаах төрийн эргэлтийг зэвсэгт хүчний цэрэг офицерүүд зохион байгуулсан юм. Үүнээс болж Истанбул, Анкара хотод зэвсэгт мөргөлдөөн гарч нийт 246 хүн амиа алдаж 2 мянга орчин хүн гэмтэж шархадсан юм. Туркийн эрх баригчид төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг АНУ-д амьдардаг Фетуллах Гюлен болон түүнийг дэмжигчид зохион байгуулж, санхүүжүүлж, үйлдсэн хэмээн үздэг юм.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын эрх баригчдаас төрийн эргэлт хийх оролдлогыг гол зохион байгуулагч нь АНУ-д амьдарч буй лалын шашны номлогч Фетулла Гуленыг саатуулж шилжүүлэн өгөхийг шаардсаар байгаа юм. Харин Ф.Гулен өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж мэдэгдсээр байна. Цэргийнхний эргэлт хийх гэсэн оролдлогын дараагаар энэ хэрэгт сэжиглэн нийт 32 мянган хүнийг саатуулан баривчлаад байгаа юм. Онц байдлын дэглэм нь сэжигтнийг баривчлах журмыг хялбарчилж өгдөг байна.
Туркийн түүхэнд сүүлийн тавин жилийн хугацаанд цэргийнхэн хэд хэдэн удаа төрийн эргэлт хийхийг оролдож байсан удаатай. Үүний дөрөв нь буюу 1960, 1971, 1980, 1997 оны төрийн эргэлтүүд амжилт олсон түүхтэй байдаг юм байна.