Хойд Солонгосын эрх баригчид АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг өдөөн хатгалга хэмээн мэдэгдэж, өмнөд хөрштэйгээ товлоод байсан Засгийн газрын түвшний дээд хэмжээний уулзалтаа гэнэт цуцалж байгаагаа мэдэгдсэн.
Үүнээс гадна ирэх зургаадугаар сард зохион байгуулагдах гэж байгаа АНУ болон Хойд Солонгосын удирдагчийн дээд хэмжээний уулзалтыг цуцалж магадгүй тухай ч Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Ким Ки Гван мэдэгдсэн.
Харин Трампын засаг захиргаа хоёр удирдагчийн дээд хэмжээний уулзалт цуцлах тухай албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Энэ уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж буй тухайгаа мэдэгдсэн. АНУ-ын төрийн тэргүүн Хойд Солонгосын мэдэгдлийн талаар "Цагаан ордон"-д мэдэгдэл хийхдээ "Пхеньяныг ямар шийдвэр гаргах, одоогийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Вашингтон хэлэлцээр хийх хүсэлтэй хэвээр байна" гэж мэдэгдлээ.
Хэрвээ Пхеньян ирэх зургаадугаар сард болох уулзалтыг цуцлах шийдвэр гаргавал АНУ Хойд Солонгосд үргэлжлүүлэн эдийн засгийн дарамт шахалтыг үргэлжлүүлэн үзүүлсээр байх болно гэсэн байр сууриа илэрхийлсэн байна. Ер нь Вашингтоны талаас тавьж байгаа гол нөхцөл бол цөмийн зэвсгээс Пхеньяныг татгалзуулах юм.
Хэрвээ Хойд Солонгосын тал хүлээн зөвшөөрвөл тус улсын эдийн засгийг сэргээн босгоход туслахад АНУ бэлэн байгаагаа тус улсын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пхеньянд айлчлах үеэрээ илэрхийлсэн юм. Мөн цөмийн зэвсгээс татгалзах асуудлаар Хойд Солонгосын талаас бодитоор харагдахуйц үр дүнтэй алхам хийх хүртэл хоригууд хэвээр үргэлжилнэ гэдгээ АНУ-ын талаас илэрхийлсэн байна.