300 гаруй жил дамнан Европын угсаатан гэр бүлүүд ээлжлэн эзэмшиж ирсэн тун ховор, цэнхэр өнгөт очир эрдэнэ Женев хотод зохион байгуулсан "Сотебиз" дуудлага худалдаагаар хоёр хоногийн өмнө 6.7 сая ам.доллараар зарагджээ.
Энэхүү 6.16 карат, дусал хэлбэртэй очир эрдэнэ нь "Фарнезийн цэнхэр" нэрээрээ алдартай юм. Энэтхэгийн өмнөд хэсэг дэх Голкондагийн уурхайгаас олдсон энэ тансаг гүн цэнхэр эрдэнийн чулууг Испанийн V Филипп хааны хоёр дахь хатан Элизабет Фарнезийн нэрээр нэрлэсэн түүхтэй. Элизабет Фарнез үүнийг 1715 онд хуримын бэлэг болгон авч байжээ.
Харин үүнээс хойших 300 жилийн хугацаанд "Фарнезийн цэнхэр" Австри, Франц, Италийн язгууртнуудтай ургийн холбоо тогтоосоор ирсэн хатны үр хойчид хадгалагдаж өнөөг хүрсэн байна. Цуут Мария Антуанетт хүртэл "Фарнезийн цэнхэр"-ийг титмэндээ шигтгэн зүүж байсан хэмээн хэлэлцдэг.
Үнэт очир эрдэнэ Лондон, Нью-Йорк, Сингапур, Тайпэй хотуудын үзэсгэлэнд тавигдаж байсан бөгөөд хамгийн сүүлд Женев хотноо ирж, дуудлага худалдаагаар ийн зарагджээ.
"Фарнезийн цэнхэр"-ийг 3.7-5.3 сая ам.доллараар зарагдана хэмээн тооцоолж байсан боловч чулуу 6.7 сая ам.долларын үнэд хүрсэн байна. Харин худалдан авсан хүн хэн болох нь одоогоор мэдэгдээгүй байгаа ажээ.
"Фарнезийн цэнхэр"-ээс гадна тус дуудлага худалдаагаар 51.71 каратын дугуй очир эрдэнийн бөгж 9.2 сая, 50.39 каратын зууван очир эрдэнийн бөгж 8.1 сая ам.доллараар тус тус зарагдсан байна.
Эх сурвалж: MNB.MN