Калифорни мужийн оршин суугчид хувийн орон сууцаа нарны зайн хураагуураар хангасан АНУ-ын анхны мужаар нэрлэгдэж магадгүй хэмээн мэдээлсэн байна. Энэ талаарх шийдвэрийг Калифорни мужийн Эрчим хүчний комисс хуралдаж, олонд мэдээлнэ гэжээ.
Калифорни мужийн нийт оршин суугчдын хувийн болон нийтийн орон сууцыг нарны зайн хураагуурын төхөөрөмжөөр хангах тухай хөтөлбөр 2020 онд хэрэгжих боломжтой гэж мэдээлжээ. Энэ нь эрчим хүчний доголдолтой бүсэд болон нарны тусгалын бүсээс хязгаарлагдсан газруудад хийгдэх ажил гэжээ.
Одоогоор Калифорни мужийн нийт оршин суугчдын 20 хувь нь өөрсдийн амьдардаг орон сууцаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт холбогдсон буюу нарны зайн хураагуурын төхөөрөмжөөр хангагдаад буй юм байна. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар, АНУ дотоодынхоо эрчим хүчний нийт хэрэгцээний 80 хувийг нарны болон салхины эрчим хүчний эх үүсвэрээс авах боломжтой болсон гэж онцолсон юм.
Энэ хүчин чадлын үзүүлэлтийг 100 хувьд хүргэхийн тулд хамгийн түрүүнд эрчим хүчний шинэ хуримтлуулагч системийг барьж байгуулах шаардлагатай юм байна. Ногоон эрчим хүчний түгээмэл байдал нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр дамжуулан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн зардлыг мэдэгдэхүйц бууруулахад хүргэж байгаа хэмээн онцолж байна.
Тиймээс сэргээгдэх эрчим хүчний салбарыг тус мужид бүрэн нэвтрүүлэхэд богино хугацаа зарцуулах нөхцөл байдал бий болоод байгаа гэжээ. 2020 он гэхэд Калифорни мужийн нийт оршин суугчдын тал гаруй хувь нь байгалийн хүчин зүйлээс гаргаж авсан цэвэр эко эрчим хүчээр хангагдах болно гэжээ.
Эх сурвалж: Монголын мэдээ