АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гаригт “Бид уулзалт хийх газар, хугацааг тохирсон. Удахгүй олон нийтэд мэдээлэх болно” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэж байсан билээ.
Удаан хугацаанд яригдаж байсан удирдагчдын дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 12-нд Сингапур улсад болохоор болсныг Дональд Трамп мөн л өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын нарын уулзалтын талаарх нарийвчилсан асуудлуудыг хэлэлцэхээр өнгөрсөн лхагва гарагт Пхеньянд хүрэлцэн ирсэн. Энэ удаагийн хэлэлцээ нь 2 орны удирдагчийн дээд хэмжээний уулзалт болох орон болон уулзалт хэзээ болох товыг тогтоох зорилготой байв.
Хэлэлцээрийн үеэр дээд хэмжээний уулзалт хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмунжом тосгонд болохгүй гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл өчигдөр орой эцсийн шийдвэрт хүрч, АНУ, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг Сингапурт зохион байгуулахаар ийнхүү тохиролцжээ.
Сингапур улс нь 5.6 сая хүн амтай, зүүн өмнөд Азийн санхүүгийн төв болсон, улс төрийн хувьд төвийг сахисан, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, олон улсын чухал арга хэмжээнүүдийг зохион байгуулах туршлагатай гэдэг үндэслэлээр сонгогдсон гэнэ.
АНУ, Сингапур улсууд бараг хагас зуун жил найрсаг харилцаатай явж ирсэн. 30,000 гаруй Америкчууд Сингапурт амьдарч, Америкийн 4,200 орчим компани тус хот улсад үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Мөн Сингапур улс нь Хүйтэн дайны үед Хойд Солонгостой дипломат харилцаатай байсан цөөхөн хэдэн орны нэг юм. Хойд Солонгосын Элчин сайдын яам байрладаг 47 орны нэг билээ.
Эх сурвалж: CNN