Өчигдөр Малайзад парламентын ээлжит сонгууль боллоо. Энэ удаагийн парламентын сонгуульд тус улсын сөрөг хүчний эвсэл анх удаа түүхэн ялалт байгууллаа гэж олон улсад мэдээлж байна.
Малайзын парламентын сонгууль өчигдөр өглөө 8 цагт эхэлж, оройн 17 цаг хүртэл сонгогчдын саналыг хэсгийн хороод дээр авсан. Энэ удаагийн сонгуульд санал өгөх эрхтэй 14,3 сая сонгогч байна гэж бүртгэгдсэнээс, 10,8 сая буюу нийт сонгуулийн санал өгөх эрхтэй сонгогчдын 76 хувь нь саналаа өгсөн байна. Энэ нь өнгөрсөн 2013 онд болсон сонгуультай харьцуулахад 9 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Малайзын сонгуулийн ерөнхий хорооны мэдэгдэж байгаагаар одоогийн Ерөнхий сайд Нажиб Разакийн тэргүүлдэг эрх баригч Үндэсний Фронт нам парламентын 222 суудлын ердөө 79 суудлыг л авсан байна. Харин ерөнхий сайд асан Махатхир Мохамадын тэргүүлсэн сөрөг хүчний намуудын эвсэл, энэ удаагийн сонгуульд 113 суудлыг авч ийнхүү парламентад олонх болж байна.
Үлдсэн 30 суудлыг бусад нам эвсэл авчээ. Ийнхүү, Үндэсний Фронт нам, 1956 онд байгуулагдаж, Малайзыг 1957 онд тусгаар тогтносноос нь хойш төрийн эрхийг тасралтгүй 61 жил дангаар удирдаж ирсэн эрхээ анх удаагаа сөрөг хүчинд шилжүүлэн өгөхөөр болж байна. Өдгөө, 92 настай Махатхар Мохамад Малайзын ерөнхий сайд болсноор дэлхийн хамгийн хөгшин настай удирдагч болох юм гэж мөн олон улсад мэдээлж байна. Сөрөг хүчнийхэн улс оронд авилга хээл хахууль хүчээ авч байгааг байнга шүүмжлэн энэхүү бусармаг байдлыг үгүй хийнэ гэсэн амлалтаар суудлынхаа тоог чамгүй нэмэгдүүлж чадсан гэж ажиглагчид үзэж байна.
Монголын мэдээ
Сэтгэгдэл (1)