Төрнө “бас” үхнэ. Магадгүй энэ “бас” гэдэг үг нь өөрөө амьдрал байх. Бас тэгээд өөрт олдсон цаг хугацааныхаа мөчлөг дунд, өөрт оноогдсон заяандаа хамгийн сайн сайхнаараа хичээгээд, хийж бүтээгээд, хадгалж бас хийсгэх. Дан амьсгалах, хөдлөх биш мэдрэх, мэдрүүлэхийг давхарлах. Энд тэндээс давтагдаж ирдэг ухаарлын мессежээс дотор минь хадагдаж, хадгалагдаж үлдсэн нь амьдрал гэдэг маргааш эсвэл зүгээр энэ бичиглэл дуусахад, магадгүй дуусгалгүй дуусчихаж мэдэх эмзэгхэн учраас ирээгүй ирээдүйд биш одоогүй одоод мэдэрч, таашааж, шатаж амьдраарай гэх мессеж. Тийн шүү, одоогүй одоод мэдэрч бас мэдрүүлэх. Уншигч танд төгсгөлийн мэдрэмжийг тээж явна гэхээр нэг тийм муу ёртой юм шиг санагдаж магадгүй. Муу ёрлож байгаа юм биш шүү. Эсрэгээрээ энэ ертөнц дээр өдөр бүр үнэн байх тухай, өөрийнхөө хүслээр байх тухай, хүн хүндээ хүнлэг эелдэг байх тухай басхүү хичээх тухай юм л даа.
Хэрвээ өнөөдрийг өнөөх нэг өдөр гэж бодоод Улаанбаатарынхаа гудмаар алхвал саарал хот минь уйтгартай өнгөөрөө, шороотой замтайгаа тосно. Түгжээтэй мэт ар араасаа эгнэсэн машинууд, хоёр хоёроороо нийлээд хангинах сигналын чимээ, хүмүүсийг хүрээлэж тэнгэр тулгаж барьсан өндөр барилгууд. Ийм хүрээлэн дундаа ууртай гэгч нь нэгнээ анзаарах ч үгүй зөрж оддог бид...
Аа... Суварга босгож тахихтай анх арван хэдтэйдээ танилцсан санагдана. Хүн хүний хөлнөөс зайд өндөр уулын оргилд буянт ижийгээ дурсаж үр хүүхдүүд нь тэр суваргыг босгоод, тэрийг сүндэрлүүллээ хэмээн ном хурж, хүн цуглуулж наадамлаж байсныг санадаг. Тэр цагаас хойш суварга харах, гандан орох тоолондоо тэрний гэгээн дурсгалд үр хүүхэд, хань ижлээс нь гэж бичигдснийг хараад хол хөндий ч юм шиг хоосон санагдаж билээ. Хааяа би гэнэ гэнэхэн энэ оршихуйгаас явсныхаа дараа дэлхий гэгч ертөнц дээр юу болж үлдмээр байгаа тухайгаа боддог. Гэрэл энерги, оршихуйн тухай философийн хүнд бодлогоор гашилж байгаа хэрэг биш л дээ. Зүгээр тэрний гэгээн дурсгалд гээд үлдчихсэн байдаг тэр зүйл миний гэгээн дурсгалд зориулагдах бол юу байж болох вэ л гэж бодож байгаа хэрэг,... Ммм... “уудам энэ газарт чинь уйлах ч газар олдохгүй юм” гэдэг ишлэл байдаг даа. Магадгүй тарж амьдардаг тал нутгийн нүүдэлчин бидний хувьд суварга нь зорьж очиж уйлах, сэтгэл заслын газар болдог байсан байж болох юм. Харин сүүлд суурин иргэншил дунд төлөвшиж байгаа би бээр үхчихвэл өөрийнхөө гэгээн дурсгалд гэдэг алга ч хүрэхгүй жижигхэн бичгийг сандал дээр хадагдаасай гэж хүсэж байна. Явдал дундаа ядарсан хүн суугаад амардаг, цааш алхах хүчээ сэлбээд босдог, дулаахан наран ээвэр өдөр тэр сандал дээр суугаад нүдээ аниад орчны чимээг сонсож орчлон ертөнцөд түр амсхийдэг, эсвэл хосууд найзууд болзож суугаад ярилцдаг, тийм сандал.
Одоогүй одоод мэдэрч бас мэдрүүлэх... Ирээгүй ирээдүйд битгий шанал гэснээ үхэхээрээ сандал боломоор байна гэдэг хүн бас л хуйварган шүү. Энэ мөчид би санаандгүй зөрж өнгөрч байгаа хүн рүү ч мишээмээр байна, автобусанд араас минь гүйж ирж байгаа хүнд хаалга барьж өгмөөр байна, хүн хүнийхээ нүд рүү харж баярлалаа гэж хэлдэг бас инээдэг баймаар байна. Ер нь л ийм амьдралын жижиг хормуудад хүлээцтэй, таашаалтай, талархаж ханддаг, бас өгдөг баймаар байна. Бид бүгдээрээ сайхан амьдрахын төлөө чадах чинээгээрээ хичээж байгаа шүү дээ. Нөхцөл, цаг хугацаагаараа ялгаатай болохоор ойлголцохгүй уцаарлацгаагаад байгаа болохоос биш...
Тийм болохоор танихгүй хүнийг ч тайтгаруулмаар байна. Улаанбаатараа нэг нэгэндээ сэтгэл гаргадаг Дулаанбаатар болгомоор байна. Энэ ертөнц дээр махан биеэрээ байхгүй болсныхоо дараа ч хэн нэгэн тайтгаруулмаар, амраамаар санагдаж байна. Тийм болохоор л нас барахаараа суварга биш сандал болно.
Дундаж монгол Долгор
Холбоотой нийтлэлүүд:
Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл
Дундаж монгол Долгорын мөрөөдөл
Дундаж монгол Долгор ба Google map
Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал
Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь
Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа
Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь
Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол
Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт
Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас
Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг
Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл
Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг
Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай
Дундаж монгол Долгор нь Малтад
Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл
Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор
Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн
Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай
Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь
Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...
Дундаж монгол Долгор: “love him free”
Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт
Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг
Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө
Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?
Дундаж монгол Долгор ба Эрх ямбатны зовлон