“Өөрийн тоомсор”
Сэтгүүлч У.Чинзоригийн дуун хөрвүүлэгч Л.Алтангэрэлтэй хийсэн ярилцлагыг уншиж суугаад тойрч бодом энэ үгийг сорчлов.
Өнгөрсөн долоо хоногт Олон улсын хүний эрхийн өдөр тохиосон. Хүн бүр халдашгүй дархан эрхтэй шүү, нэг нэгнийхээ эрхийг эрхэмлээрэй хэмээн эх дэлхий даяар тархан суух тэрбум, тэрбум хүнд нэгэн зэрэг дахин сануулсан өдөр. Хүний эрхийг эрхэмлэхийн тулд чи өөрийн эрхэм чанараа өөртөө ухамсарлах хэрэгтэй, өөрийн ухамсар. Алсуур утгаараа сэнтийд заларсан сэтэртэй ухна мэт томчуудын зургийг жаазалж ханандаа өлгөхгүй, үүрийн тавд ажлаа эхэлдэг ТҮК-ийн ажилтанг шагнал авахад нь уярч өрөвдөөд байхгүй, утгын хувьд ижил гэдгийг өнгө, мөнгөнөөс нь салгаж ойлгох тухай.
Хүний эрхэм чанар гэх энэ хуулийн нэр томъёог их энгийнээр, нэмээд хүний хөгжлийн олон ном, хүрээлэн буй инфлюнсерүүдийнхээ хэлдэг захьдагийг шингээгээд нэгэн томъёо олж өөртөө ухав, ӨӨРИЙН ТООМСОР. Хувьдаа би болжин хувь хүний хөгжлийн номыг сайшаадаггүй төрлийнх бөгөөд тэрнийхээ оронд урт урт уран зохиол уншихыг илүүд үздэг. Одоо түүнийгээ батлах ганц жишээ иш татмуй.
Тунгалаг Тамир зохиолын Эрдэнэ хэмээх дүр олон хүнд хүдэр биетэй, эр хонгор дуутай Засагт ханы гэх чимэг дүрслэлээрээ танил байх. Миний хувьд энэ дүр бол амжилт, ахицтай энтрепренер хүний дүр. Ганц морио алдаад Итгэлтийн хажууд тэгээс эхэлсэн ядруухан залуу яваандаа жин тээж, анги удирдаж, намд элсэж бадриухан эр хүн болж буй тухай. Хичээгээрэй, хичээвэл амжилтанд хүрдэг гэдгийг баталдаг уран зохиолын дүр. Гэхдээ тэр амжилт нь аав ээжээс өвлөсөн хөрөнгөнөөс биш, гэнэт хожсон сугалаанаас биш, арван жил хөөсөн эрдмийн мөрөөс биш ердөө сахилга бат гэх амин сүнсээс ирж буйг зохиолоо дахиж уншаад задлаад бодвол чи ойлгох болно.
Амжилт гэдэг нь хүн А цэгээс Б цэг рүү очихын нэр. Амьдралдаа амжилттай яваагийн тухайд ТҮК-ийн алтангадаст ажилтан ч, сэтэрт дурлагч цүнх баригч аль аль нь амжилттай яваа хүмүүс. Тэд А цэгээс Б цэгт хүрсэн ялгаагүй. Гэхдээ бидний хүлээж авах төсөөлөлд ялгаа байна. ТҮК-ийн ажилтанд ядруухан дүр өмсгөж эвийлэх, төрөөс хулгай хийх гэж очсон гаруудыг ивээх бидний төсөөлөл. Угтаа сав, саван дотроо халгиж яваа гэдэг өөрийн тоомсор маань дутаж байгаа учраас арай том савтай тэгээд тэрнийгээ дүүргэчхэж ч чадахгүй цуурайтаж яваа гаруудыг ихэд бодоод байна.
Энэ өөрийн тоомсор гэдэг зүйл чинь бас их сонин. Хэрвээ чи өөрийн үүсвэр анхны газраа л өөрөө өөрийгөө тоодоггүй юм бол амьдрал хэмээх аялалд хаана ч очсон дотроосоо өөрийгөө идсээр л байх болно. Чи хүний эрхэм чанартай хувь хүн шүү, өөртөө итгэлтэй байж өрөөл бусдын ч бас эрхэм чанарыг эрхэмлээрэй.
Он гарахад хэдхэн хоног үлдэж байна. Эргэн тойрны чинь бүх юм гялтганана, энэ өдрүүдэд. Хуурамчаар гэрэлтэж, гялтганасан бүхний дунд өөрийгөө битгий харьцуулж, сэтгэл санаагаа алаарай. Харин эсрэгээрээ өөрийн тоомсор дээрээ ажиллаарай. Чамайг ухамсартай гэдэгт чинь итгэж байна. Одоо харин тоомсортой хүн болоорой. Хамгийн эхний энгийн алхам. Орчин тойрондоо ялангуяа өөртөө эрүүл хүлээлт тавиарай.
Хүн болгоны сав ялгаатай. Тэр савандаа халгиж амьдрах чи хангалттай багтаамжтай. Өөрийгөө илэрхийлж байгаарай, өөрийгөө шагнаж байгаарай. Чи хамаг сайнаараа байгаа, чамд баярлалаа.
Дундаж монгол Долгор.
Холбоотой нийтлэлүүд:
Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл
Дундаж монгол Долгорын мөрөөдөл
Дундаж монгол Долгор ба Google map
Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал
Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь
Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа
Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь
Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол
Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт
Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас
Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг
Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл
Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг
Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай