Нийслэлийн Цагдаагийн Ерөнхий газраас Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын хэргийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэгтэн Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн шөнө саатуулсан байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү "Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 21:29 минутанд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт "Залуу Монгол корпораци"-ийн байранд "хүн зодолдоод байна" гэсэн дуудлагын цагдаагийн байгуулагад ирсэн. Дуудлагын дагуу ХУД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтсээс очиж ажилсан. Холбогдох гэрчүүдээс тайлбар мэдээлэл авсан. Одоогийн байдлаар хохирогт Э.Энхбатын хувьд ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.
Энэ хэрэгт холбогдуулан сэжигтэн Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг байлцуулан тайлбар мэдэгдэл авсан. Цагдаагийн газраас түүнийг эмчлүүлэх хүсэлтэй байсан тул хүсэлтийг хангаж өгсөн байгаа.
Гэхдээ өчигдөр шөнө сэжигтэн Н.Түвшинбаярыг хойшлуулашгүйгээр баривчлан хорих 461-р ангид хүргэсэн. Түүнд Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлээр хүний биед ноцтой хохирол учруулсан гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээр прокурорт санал хүргүүлсэн байгаа.
Түүний гэмтлийн зэргийг нь тодорхойлохоор шүүх эмнэлэгт хандсан бөгөөд биеийн байдал хэвийн болсон гэж үзсэн тул сатуулсан байгаа" гэлээ.