Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа, Баянзүрх дүүргийн 24-р хорооны Засаг дарга Л.Ганхөлөгтэй ярилцлаа.
ТӨРӨӨС ХАЛАМЖ ХҮРТДЭГ 1,7 САЯ ИРГЭН БАЙНА
-Таны нэр дэвшин өрсөлдөж байгаа Баянзүрх дүүргийн 16, 24-р хороод хэр их хүн амтай вэ? Анхан шатанд ажил ямархуу байна вэ?
-Баянзүрх дүүргийн 24-р хороо дангаараа 10 мянга гаруй хүн амтай, 2500 өрхтэй. 16-р хороо мөн 10 мянга гаруй хүн амтай. Баг, хороо буюу анхан шатны нэгж бол маш их онцлогтой газар. Нэгдүгээрт иргэн, төр хоёр уулздаг хамгийн эхний цэг. Харамсалтай нь анхан шатанд иргэндээ үйлчилдэг төрийн үйлчилгээ байхгүй болсон. Байхгүй гэхээсээ илүү боломжгүй болчихсон юм байна. Ямар ч институцийн хувьд үйл ажиллагаа нь хоёр л зүйлээр хангагддаг. Нэгдүгээрт эрх зүй буюу хуулийн орчин. Хоёрдугаарт эдийн засаг буюу төсөв. Анхан шатны нэгжүүдийн хувьд үйл ажиллагааны эрх зүйн орчин харьцангуй сайхан хуульчлагдаад гарчихсан. Эдийн засгийн буюу санхүү төсвийн хувьд ямар ч эрх мэдэл байхгүй. Ингэхээр иргэдийн тавьж байгаа асуудлыг шийдвэрлэх чадваргүй болж байна. Хороон дарга бол ерөөсөө иргэдээс ирсэн гомдлыг холбогдох байгууллагууд руу нь уламжлах диспетчерийн л үүрэгтэй. Хороон даргын хөөцөлдөж байгаа ажил бүтэхээсээ бүтэхгүй нь 90 хувь. Хороо иргэндээ үйлчилж чадахгүй байна гэдэг нь төр үйлчилгээгээ үзүүлж чадахгүй байна аа л гэсэн үг.
Лувсандагвын ГАНХӨЛӨГ
- 1989 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн.
- 2010 онд ХУИС-ийг олон улсын харилцааны ажилтан,
- 2014 онд Түшээ дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсч,
- 2016 онд МУИС-д улс төр судлалын магистр хамгаалсан.
Ажлын туршлага
- 2010 онд “Мангүүд” ХХК-д менежер
- 2011-2012 УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах
- 2012-2016 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх
- 2019-оноос Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24-р хорооны Засаг даргаар ажиллаж байна. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
Сонгуульт ажил:
- 2014-2015 Сэлэнгэ аймгийн ардчилсан намын хорооны гишүүн
- 2017-2020 АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн
- 2018 оноос Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн
-Хорооны даргыг маш их эрх мэдэлтэй гэж иргэд ойлгодог. Төрөөс үзүүлж байгаа халамж, тусламжийн бүх үйлчилгээг хуваарилдаг, шийддэг гэж...
-Би хувьдаа хорооны даргаар ажиллах хугацаандаа нэг ч иргэнийг халамж, тусламжид хамруулж үзээгүй. Тэр нь улс төрийн шалтгаантай юм байна. Хүнсний талон, жирэмсний тэтгэвэр, тэтгэмжийг хороо хуваарилдаг, хүүхдийн мөнгө, одонгийн мөнгийг бүртгэж байна. Өвөлдөө түлээ, нүүрсний дэмжлэг үзүүлдэг. Гэх мэтчилэн нэг удаагийн болон тогтмол олгогддог бүх халамжийн бүртгэл хороон дээр явагддаг. Үүн дээр хорооны даргын дэргэдэх таван хүнтэй хамтарсан баг нөхцөл байдлын үнэлгээ хийгээд “энэ айлд олгоно, олгохгүй” гэдгийг шийддэг. Хорооны даргын хувьд би “Энэ хүн нь манай хорооны оршин суугч хүн мөн юм аа” гэдгийг л баталж, бичиж өгдөг. Зарим тохиолдолд миний бичээд өгснийг ч авахгүй. Мөнгө шийддэг газар нь өөрөө шийдээд явчихаж байна.
-Шийддэг газар нь хаана вэ?
-Дүүргийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс гэж бий. Босоо тогтолцоотой, дээрээсээ удирдлагатай учраас тэнд улс төр нь явдаг юм байна. Хэнийг халамжид хамруулах, хэнийг хамруулахгүй вэ гэдэг.
-Яг танай хороонд төрөөс халамж авдаг иргэн хэр олон байна? Улсын хэмжээнд бол 800 мянга гаруй гэж яриад байгаа шүү ээ?
-Тан дээр байгаа тоо бага байна. Улсын хэмжээнд сая 700 мянга гаруй хүн байгаа. Хүүхдийн мөнгийг оруулахгүйгээр. Халамжийн үйлчилгээний гарын авлага гээд дөрвөн хуруу зузаан ном бий. Хуудас болгон нь нэг халамж. Тэнд сая давсан хүн хамрагдаж байгаа. Манай хороонд жишээ нь халамжид хамрагдах ёстой нь 60-70 хувь, хамрагдаж чадаж байгаа нь маш цөөхөн. Хамруулж өгөөч гэсэн өргөдөл гомдол бол булаастай. Гэр хороолол суурьтай хороодод бол ерөнхийдөө нийтлэг ийм. Баталгаатай, байнгын ажил эрхэлдэггүй, даатгал төлдөггүй. Ажилгүйдэл бол манайд бүр гаарсан, бараг 60-70 хувь. Албан бусаар буюу цагийн ажил хийдэг, барилгын бригадуудад ажилладаг хүмүүс мэдээж байгаа. Идэр насны залуучуудын ихэнх нь бригад байгуулаад хамаатан садан, найз нөхдөөрөө ажиллаж байна. “Да хүрээ” захтэй ойрхон учраас засварын газар ажиллуулна, сэлбэг зарна. Уг нь бол бид чинь баялгаа хураагаад, нийгмийн баталгаагаа ардаа хийгээд явах ёстой шүү дээ. Тэр нь манай ихэнх иргэдэд алга.
-Нөгөө талаас “улсаараа халамжийн улс болчихлоо” гэж шүүмжилдэг. Халамжийн бодлогын алдаа нь юундаа байна?
-Халамжид хамрагдах шаардлагууд байдаг. Жишээ нь, 80 хувиас дээш групптэй бол асаргааны тэтгэмжид орно, амьжиргааны баталгаажих түвшин 292 оноосноос доошоо бол хүнсний талон өгнө гэх мэт. Тэр нь иргэнээ халамжлах биш, өөрийгөө ядуу гэдгийг нотлох уралдаан болчихоод байна. Болгочихъё гэж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн маань “группээ өндөр тогтоолгоё” гээд явах жишээний. “Яана аа, таныг дахиад ирэхэд арай нэг дөнгүүр болчихсон байя гээд сая цалингаараа тавилгаа сольчихсон. Одоо хүнсний талоны хамтарсан баг ирэхээрээ намайг баян гэх вий дээ” гэх жишээтэй. Хамгийн гол нь материаллаг байдлаасаа илүү хүмүүсийнхээ эрмэлзлэлийг унтраагаад байна.
ХОРООНЫ ЦЭЦЭРЛЭГИЙГ ФЭЙБҮҮКИЙН "САЙХАН БҮСГҮҮЧҮҮД" ГРУППИЙНХЭН БАРЬЖ ӨГСӨН
-Баянзүрх дүүрэг хэдий хэмжээний төсөв хэрэглэдэг вэ? Сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэр байна?
-Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул гээд аж ахуйн нэгж олонтой, татвар бүрдүүлэлт сайтай хэдэн дүүрэг байна. Манайх гэхэд татварын орлогоо бүрдүүлчихээд төлөвлөгөөнөөс давсан орлогоо нийслэл рүүгээ хураалгадаг. Тэрийг нь татварын орлогоо бүрдүүлж чадаагүй Сонгинохайхан луу тэгшитгэд хуваачихдаг. Тэгэхээр дүүрэг цалингаа тавьдаг, ойр зуурын гэрэлтүүлэг юмаа хийгээд, хогтойгоо ноцолдоод л дуусдаг. Дүүрэг өөрийнхөө төсвөөс нэг сургууль, цэцэрлэг барьчихья гэхээр бусад ажлууд нь доголдоод эхэлдэг. Хогоо авч чадахаа болино, цалин мөнгөний асуудал хүндрээд эхэлнэ. Тэгэхээр нийслэл, яам руу л явах болдог. Сургууль, цэцэрлэг барья гэхэд манай хороог огт мэдэхгүй, очиж үзэх ч үгүй нэг даргын халаасанд л шийдвэр явж байна. Сая 500 мянган хүнтэй нийслэлийн 360 мянга нь Баянзүрхэд, 350 мянга нь Сонгинохайрханд амьдарч байна. Сая 500 мянган хүнд хотын дарга хүрч үйлчилж чадахгүй. Тэгэхээр өнөөдрийн тогтолцоо маань болохгүй байна л гэсэн үг.
Манай хороо гэхэд цэцэрлэгийн насны 1200 хүүхэдтэй. Байгаа цэцэрлэг нь 50 ортой ганцхан цэцэрлэг. Сургуулийн насны 2600 хүүхэдтэй, ганц ч сургууль байхгүй. Энэ нь эргээд ажлын байр, хөдөлмөрийн бүтээмжийг багасгадаг. Цэцэрлэгтээ явж чадаагүй хүүхдийн ээж, аав хүүхдээ харна уу гэхээс баялаг бүтээж чадахгүй. Сургуулийн насны хүүхдүүд өөр хорооны сургууль руу явна. Аюулгүй байдлын асуудал үүсдэг.
Уг нь бол Э.Бат-Үүл хотын дарга байхдаа “Эрүүл аюулгүй байдлын индекс” гэж баталсан. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд 500 метрээс дээш зайд явах ёсгүй юм шүү гэдэг стандарт гаргаж өгсөн. Тэдэн хүн амтай бол тийм хэмжээний эмнэлэгтэй, тэдэн хүн ам тутамд тэдэн хүүхдийн сургуультай байна гээд бүх норм дүрэм нь батлагдчихсан. Цаасан дээр бол юмнууд байгаад байна. Тэр нь амьдрал дээр хэрэгждэггүй. Манай дүүрэгт гэхэд нэг ч сургуульгүй гурван хороо байна.
Гэтэл Сонгинохайрханы 10 дугаар хороо өнгөрсөн жил, тэрний урьд жил дараалаад хоёр шинэ цэцэрлэг барих жишээтэй. Өмнө нь бас цэцэрлэгтэй байсан. Ялгаагүй манайхтай адилхан 10 мянга гаруй хүн амтай. Тэгэхээр тэнд улс төржилт яваад байна. Сонгинохайрханд МАН засагладаг, дээрээ УИХ-ын гишүүд нь байж байдаг. Мянга улс төржилт орлоо орлоо гэхэд 2007 онд байгуулагдсан манай хороог байгуулагдсан цагаас нь хойш сургууль, цэцэрлэггүй байлгаж болохгүй л байхгүй юу. Өнөөдрийг хүртэл явж ирсэн зам, дэд бүтцийн ашиглалтын хугацаа дуусаад, засвар үйлчилгээгээ нэхэж эхэлж байна.
Тэгэхээр хороо өөрөө төсвийн эрх мэдэлтэй байх ёстой юм байна. Хэдэн төгрөг байх нь дараачийн асуудал. Сая 500 мянган хүн нэг даргатай байх уу, 10-20 мянган хүн нэг даргаар асуудлаа шийдүүлдэг байх уу? гэдэг л асуудал юм байна. Хотын дарга бодлогын том ажлуудаа л хий. Сонгинохайрханд татвар бүрдүүлэх чадавхитай аж ахуйн нэгжүүдийг яаж бий болгох вэ? гэдэг дээр илүү ажиллах ёстой. Хороо өөрийнхөө асуудлыг шийдээд явдаг байя л гэж байгаа юм.
Манай хороо гэхэд сургууль, цэцэрлэггүй 13 жил боллоо. Манайд байгаа 50 ортой ганц цэцэрлэгийн АНУ-ын Тэнгисийн цэргийнхэн барьж өгсөн. 2017 онд 10 жилийнх нь ойгоор барьж өгсөн. Тэнгисийн цэргийнхний барьж өгсөн 50 ортой цэцэрлэгийг сая 20 ороор нэмэгдүүлсэн. Тэрийг хэн хийж өгсөн гээч?
-Хэн бэ?
-Фэйсбүүкийн “Сайхан бүсгүйчүүд” группийн гишүүд. Төрийн ажил яаж явдаг, хувийн хэвшил яаж хийдэг вэ гэдэг том ялгаа гардаг юм байна дээ. Төр цэцэрлэг барьж өгөхөөр хоёр жилээс дээш хугацаа ордог. “Сайхан бүсгүйчүүд” группийнхэн бол таван сарын дотор бариад өгсөн. Харамсалтай нь одоо ашиглалтанд аваагүй. Яагаад гэхээр төр оролцож байгаа. “Та нар хүүхэд амьдрах боломжтой юм барьсан уу, үгүй юу” гэдгийг шалгахын тулд дахиад нэг жил хүлээж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард барьж дууссан, одоо болтол хүлээж аваагүй. Энэ бол нөгөө төрд ажиллаж байгаа хүмүүсийн л хандлага л даа.
ТӨР БАЙХ БАЙХГҮЙН ТУХАЙ БИШ, ЯМАР БАЙХ ТУХАЙ ЯРИХ ЁСТОЙ
-Тэгвэл төр байснаас байхгүй нь дээр юм биш үү?
-Төр байх, байхгүйн тухай биш, төр ямар байх тухай л асуудал. Төр гэдэг чинь юу юм? Бусдын өмнөөс эрх авсан хувь хүмүүс л байгаа шүү дээ. Тэд иргэдийнхээ сайн сайхны төлөө л үйлчлэх үүрэгтэй. Төрд ажиллаж байгаа хүмүүс маань энэ нийгмийн төлөө өдөр болгон санаж, сэдэж явах ёстой. Иргэнээ чирэгдүүлэхгүй байх ёстой. Энэ дүрэм журмуудын аль иргэдийг чирэгдүүлээд байна гэдгийг олж хараад журмаа өөрчлөөд явах ёстой.
Сүүлийн үед, орон нутгийн сонгууль дөхөөд ирэхээр Баянзүрх дүүрэгт хийгдэж байсан ажлууд явц дундаа таг зогслоо. Баянзүрхэд АН засаглаж байгаа учраас дүүргийг ажил хийдэггүй болгож харагдуулахын тулд хийж эхэлсэн ажлуудаа сонгууль өнгөртөл зогсоож байна. “Натур” худалдааны төвийн зүүн талд хотхон дунд зам тавьж байгаад нүхийг нь ухаад хаяад явсан. Манай хороон дээр айлуудын жорлонг сайжруулах ажил эхэлсэн байсныг нүхийг нь ухуулчихаад хаяад явсан. Одоо хоёр сар болж байна. 200 метр замын ажил эхэлсэн, одоо гурван сар өнгөрлөө, дуусаагүй. Үүнийг би улс төрийн сонирхлоор иргэдийг хохироож байна гэж харж байна.
-Тэгвэл зүгээр нэг намд нь өгчихсөн нь дээр юм биш үү? Эсвэл бүр сонгууль явуулахаа л больчихьё...
-Тэгэхээр бид сонгосон замаасаа ухрах болчихоод байна. Нэг зүйлийг хэлэхэд, МАН бол ямар ч байсан иргэн төвтэй нийгэм байгуулах тэр зүг рүү явах нам биш юм байна. Бүх үйл ажиллагаа нь Үндсэн хуулийнхаа эсрэг явж байна. Том хүрээндээ хүүхдийн мөнгийг зогсоосон, хамтын тэтгэврийн тухай хуулийг гарч ирэнгүүтээ цуцалсан. Хүүхэд харах үйлчилгээг цуцалсан. Сая сонгууль болохоор гэнэт “Хүүхэд харах үйлчилгээнд мөнгө тавья” гэж байна шүү дээ. Үнэнд гүйцэгдэж байна л даа, цэцэрлэг барихад удах юм байна гэдгийг ойлгож байна. Одоо л гэнэт ойлгоод байгаа юм биш, ойлгосоор байгаад л санаатай хийсэн зүйлүүд шүү дээ.
ХОРООДОД ТАВЬСАН "НОГООН МАЛГАЙТНУУД"-АА МАН 10 ТЭРБУМААР ЦАЛИНЖУУЛЛАА
Хүүхэд харах үйлчилгээ юугаараа чухал байсан бэ гэвэл хөдөлмөрийн зах зээл рүү идэвхитэй хүн амаа шахах бодлого л байсан. Цэцэрлэг барих гэхээр тэр хугацаа нь хоёр жилээр хойшилчих гээд байсан. Хамтын тэтгэврийн тухай хууль байна. Миний хөдөлмөрлөж олсон, ирээдүйдээ хуримтлуулсан мөнгө миний л өмч. Яг хадгаламжтай адилхан. Гэтэл МАН “Энэ чиний өмч биш ээ, төрийн өмч. Төр чамд хайртай учраас “насны хишиг” өгч байна” гээд жилдээ 1-2 удаа 50-250 мянган төгрөг өгдөг боллоо. АН бол тэтгэврийн санд хуримтлуулсан мөнгө тухай хүний өмч учраас өвлөгддөг байх ёстой, бэлэглэгддэг байх ёстой гэж үзсэн. Хүн хадгаламжиндаа мөнгө хуримтлуулчихаад үхээд өгвөл жилийн дараа өвлөх эрхийн дагуу хэн нэгэнд очдог биз дээ. Тэгэх ёстой л гэсэн санаа. Гэтэл тэрийг зогсоосон. Өнгөрсөн өвөл гэхэд сайжруулсан түлшин дээр манай бүх хороодод МАН “ногоон малгайтнууд” тавилаа шүү дээ.
-Тэр чинь юу гэсэн үг юм?
-Хар утаа гаргаж байгаа янданг хараад мэдээл, бид очоод торгоно гэсэн. Би хорооныхоо иргэдийн амьдралыг мэднэ. Долоо хоногтоо зургаан шуудай нүүрсний нормтой, тэр нь хүрдэггүй. Хоёрдугаарт худалдаж авч чаддаггүй. Худалдаад авъя гэхэд гэр хорооллын замаар зөөгөөд аваад явах боломж байхгүй. Цэг нь цөөн, зам нь хэцүү. 2500 өрхийн дунд хоёрхон цэг ажилласан. Тэгэхээр айлууд нөгөө тос, бакришкаа түлж байна. Тэрийг очоод мэдээл гэж байгаа юм. Тэрийгээ хянуулах гэж сарын 75 мянган төгрөгийн урамшуулалтай мэдээлэгч нар тавьсан. Энэ аягүй иргэнлэг бус харагдаад байна. Нэг хороонд 70-130, 140 хүртэл мэдээлэгч ажиллуулсан. Мэдээлэгч болгон нь сарын 75000 төгрөгийн урамшуулал авсан.
-Тэр мэдээлэгч ажиллуулдаг мөнгөөрөө түлш борлуулах цэгүүдээ нэмчихэд л болчих юм биш үү?
-Цэг байгуулахад цаг хугацаа орохгүй, мөнгө төсөв хэрэггүй. Байгаа нөөц бололцоон дээрээ л түшиглээд л хийчих ажил шүү дээ. Хашаандаа агуулах савтай, байршил сайтай айл байхад л болж байгаа юм. 173 хороотой, дунджаар нэг хороонд 80 хянагч байсан гэж үзээд хүйтний улирлын есөн сараар үржүүлэхээр есөн тэрбум илүү, арваад тэрбум төгрөгийг нэгийгээ матахад зориулж гаргасан байна.
-МАН-д ажиллах мэдээлэгчдийг л бэлдсэн юм биш үү?
-Харин тийм. Дээр нь хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаа болгох шийдвэр нийслэлээс гаргасан. Одоо нөгөө мэдээлэгч нараа эрх зүйн баталгаатай болгож авч байна шүү дээ. НИТХ дээр олон нийтийн цагдаад байцаагчийн эрх олгох тухай ярьж байна. Байцаагчийн эрхтэй болгочихвол мэдээлэхгүйгээр шууд очиж торгох эрх мэдэлтэй улсууд бий болох нь байна. Одоо олон нийтийн цагдаа гэж байгаа боловч дараа жил цагдаа болох боломжтой. Ажиллах хүмүүсийн шалгуурт тавьсан нас, бие бялдрын шаардлагыг нь аваад үзэхэд тийм байна лээ. Энэ нам буруу юм хийхдээ хэзээ ч далд санаагаа хэлдэггүй юм байна. Эхлээд “нус цэрээ ил задгай хаяж болохгүй, тамхи татаж болохгүй” гэх мэт зөв сонсогдохуйц үгээр халхавчилж байгаад өгүүлбэрийнх нь төгсгөлд жинхэнэ санаанууд нь гарч ирж байх жишээтэй. Энэ лав иргэний нийгэм биш байх аа.
-Тэгэхээр эрх мэдлийг хэзээ ч нэг мөр өгч болохгүй юм байна?
-Яг тийм. Одоо ч гэсэн нэг мөр авчихсан юм бас биш байх. Нийт иргэдийн 44 хувийн саналыг авсан нам л засаглаж байна шүү дээ. Зургаан дүүрэгт МАН засаглаж, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг АН засаглаж байгаа. Би өмнө нь Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан зөвлөхөөр дөрвөн жил ажилласан. Дээрэ яаж ажиллаж болдгийг би бас мэдсэн. Дараа нь насны залууд анхан шатанд ажиллаад үзье гэж хүсч, зорьж очсон. Энэ хоёрыгоо холбоод харахаар алдаа дутагдал маш их байна.
-Энэ хоёрын хооронд маш том ангал байна аа?
-Маш том ангал байна. Баянзүрх дүүргийн дугаар хорооны иргэний асуудлыг мэддэггүй, түй ч сонирхдоггүй нэг этгээд л тэнд асуудал шийдээд байна шүү дээ. Тийм учраас Баянзүрх дүүргийн АН-аас “Дүүргээ хот болгож хөгжүүлье” гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Нэгдүгээрт, эдийн засгийн баталгаагаа өөр дээрээ авья, бүрдүүлсэн төсвөө өөрсдөө захиран зарцуулья. Сонгинохайрхан, эсвэл Багахангай руу өгдгөө больё. Дүүргийнхээ иргэдийн асуудлыг эхлээд шийдвэрлэе. 2012-2016 онд хоёр хот байгуулж байсан туршлага бидэнд байгаа. Багануур, Налайхыг хот болгосон. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар “20 мянгаас дээш хүн амтай бол хот байж болно” гэдэг эрх зүйн үндсийг нь тавиад өгчихсөн. Э.Бат-Үүл даргын хийж хэрэгжүүлэх гэж байсан гол ажил энэ. Нийслэл бол хотуудын холбоо байх ёстой. Дүүргүүд өөрсдөө төсвөө бүрдүүлээд, тэрийгээ захиран зарцуулаад ирэхээр үйл ажиллагаа, бодлого нь иргэддээ ойртоод эхэлнэ. Цаашлаад төсвийн эх сурвалжаа яаж нэмэгдүүлэх боломжтой вэ гэдгийг хараад эхэлнэ.
Баянзүрх жишээ нь, 60-аад тэрбумын төсөвтэй дүүрэг. Бүрдүүлж өгдөг төсөв нь 70-80 тэрбум. Үүнийгээ нийслэл рүү өгчихдөг. Нийслэл хурааж аваад тавыг нь манайд буцааж өгөөд үлдсэн 15 тэрбумыг нь төсвөө бүрдүүлж чадахгүй байгаа бусад дүүргүүд рүү хуваарилчихдаг. Нийтээрээ нэг иймэрхүү амь зогоосон байдлаар явж байна. Сонгинохайрханыхныг жишээ нь асуудлаа шийддэг болгохыг хүсэхгүй байна шүү дээ, болоод л байдаг юм гэсэн хандлагатай. Сонгинохайрханд юу л байна, газар байна. Үйлдвэрлэл, үйлчилгээний район болох боломжтой. Хот болчихвол би даагаад асуудлаа шийдээд явчихна.
-НИТХ-д танай намаас, дүүргээс хэдэн төлөөлөгч байна?
-Тулгат, Батцогт гэж хоёр төлөөлөгч бий. Энэ оёрынхоо хүчинд Баянзүрх дүүрэг маань тодорхой хэмжээний ажлуудыг хийж явлаа, санасандаа хүртэл биш ч гэсэн. Асуудлаа мэдэхгүй хүн асуудал шийднэ гэж байдаггүй. Мэддэг хүнд нь эрхийг нь өгөх хэрэгтэй. Манай мөрийн хөтөлбөрийн гол амин сүнс энэ.
УЛСЫН ХӨГЖЛИЙГ УРАГШ ЧИРДЭГ ЗҮЙЛ НЬ ХУВЬ ХҮНИЙ ХҮСЭЛ ШУНАЛ
-Нийслэлийн АН “Бүхнийг гэр хороололд” гэсэн хөтөлбөр дэвшүүлсэн байсан. Орон сууцныхныгаа гомдоочих юм биш үү?
-Маш эрсдэлтэй бөгөөд том амлалттай сонгуульд орсон. Яагаад гэвэл гэр хороололд нийслэлийн нийт хүн амын 70 хувь нь амьдарч байна. Албан ёсны тоогоор гэр хороололд 222 мянган өрх байна. Нөгөө талд орон сууцны хороололд 160 гаруй мянган өрх. Тийм учраас бид гэр хороолол руу анхаарал явахгүй бол болохгүй нь ээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Миний гэр хороолол руу ирж ажилласан маань ч үүнтэй холбоотой. Асуудлыг эхнээс нь ул үндсээр нь авч үзэх гээд байна л даа. Иргэд маань гарааны ижил түвшинд очих хэрэгтэй байна.
Улс орны хөгжлийг хөтөлдөг зүйл нь иргэн хүний хүсэл, шунал л байна. Энэ хүсэл шунал хаана өдөөгддөг вэ гэхээр баталгаажсан өмчтэй хүнд л бий болдог. Өмчөө арвижуулах тэр хүсэл шунал, хөдөлмөр нь улс орон баяжуулдаг. АН үргэлж үүний төлөө явсан. Эхлээд цэнхэр ягаан тасалбараар хувьцаа өгсөн. Дараа нь малыг малчдад, орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй өмчлүүллээ. Үлдсэн хэсэг нь нөгөө өмчийн өмч буюу язгуур өмчтэй газрын эзэд. Тиймээс Э.Бат-Үүл гишүүн Газар өмчлөлийн тухай хуулийг санаачлаад 2000 онд УИХ-аар батлуулсан.
-Тухайн үед МАХН-ынхан “газар өмчлүүлж болохгүй, хятадууд орж ирээд авчихна” гээд бөөн эсэргүүцэл болсныг санаж байна?
-МАХН 2000 онд яг ингэж эсэргүүцээд Газрын тухай хуулийг батлуулаагүй. Дараа нь 2000 оны УИХ-ын сонгуулиар 72 суудал авангуутаа нөгөө хуулиа баталсан. Ингэхдээ хотын төвийн газруудыг өөрсдийн бизнесийн газар болгож булааж аваад үндсэн оршин суугчдыг нь Шувуу, Биокомбинат, Нисэх, Хонхор луу хөөх, буурин дээр нь өндөр давхрын орон сууц бариад эргээд иргэдэд зарах төлөвлөгөөтэй тийм хууль баталсан. Иргэнд биш, гэр бүлд газар өмчлүүлэх хууль баталсан. Э.Бат-Үүл дарга нөгөө алдартай "трактортой жагсаал"-ыг зохион байгуулж, тэмцэж байж, иргэнд бүрт газар өмчлүүлэх хуультай болсон. Тэр үед миний аав Сэлэнгэ аймгийг ахалж ирж байсан юм.
Харамсалтай нь 2002 онд Газар өмчлөлийн тухай хууль батлагдсанаас хойш 10 жил өнгөрөхөд нийслэлийн хэмжээнд нийт газраа өмчлөх боломжтой хүмүүсийн 11-12 хувь нь л газраа өмчилж авсан байсан. Газрын үнэ цэнийг өсгөдөг дэд бүтэц, бусад асуудлыг нь төр хийж өгөөгүй байсан. Тиймээс Э.Бат-Үүл дарга "Гэр хороолыг барилгажуулна" гээд 2012 оны сонгуульд багтайгаа орсон. Газраа өмчилж авья гээд очихоор өргөдлийг нь аваад алга хийчихдэг, шийдэж өгдөггүй байсан. Тиймээс газрыг маш богино хугацаанд өмчлүүлэхийн тулд цахимаар газар өмчлүүлж эхэлсэн. Гэхдээ тухайн газруудыг төлөвлөлттэй нь хамт өмчлүүлж байсан. Гэрэл цахилгаан, инженерийн шугамын бүх нөхцөл, тооцоог хийгээд, сургууль цэцэрлэг хаана байх, зам харгуй нь хаагуур явах бүх төлөвлөлт хийгдсэний дараа өмчлүүлсэн. Эхний ээлжийн газрыг өмчлүүлж дуусаад жил, хоёр жилийн дараа гэхэд төсвийн хөрөнгө оруулалтаар зам харгуйг нь тавиад эхэлчих байсан.
-Харамсалтай нь тэр ажил яваагүй биз дээ?
-Яваагүй, 2016 оны сонгуулийн дараа МАН бүгдийг нь зогсоосон. Тэр байтугай цахимыг нь зогсоочихлоо шүү дээ. Хэрвээ энэ ажил явсан бол өнөөдөр гэхэд эхний ээлжийн өмчилсөн газрууд дээр хаус хорооллууд босчихсон байх байлаа. Цахилгаанаа татчихсан, замаа шийдчихсэн. Яаж зам барьж болдгийг Санзайн чиглэлийн, Биокомбинат, Өлзийтийн зам харуулсан шүү дээ. Тэрэнд бол хүмүүс эргэлзэхээ больчихсон. Хамгийн гол нь газрыг төлөвлөлттэй нь өмчлүүлж байсан гэдэг нь чухал. Газар өмчлүүлэх хуулийн хугацаа 2018 онд дуусах байсан. Тэр хооронд бүх иргэндээ газрыг нь өмчлүүлнэ гэсэн зорилттой байсан. Сая МАН гараад 2030 он хүртэл сунгалаа. Тэр хугацаанд багтаж бид иргэдээ өмчтэй болгох ажлыг л хийх ёстой. Иргэд газраа өмчилж аваад инженерийн шугам, төлөвлөлтийг нь хийчихвэл иргэн бүр тэгш гараан дээр ирэх гээд байна. Мал, орон сууцны хувьд эдийн засгийн багтаамж нь тулчихлаа шүү дээ. Нэг цэгт тулж ирээд үлдэх нь үлдээд, үсрэх нь үсрээд явчихлаа. Тиймээс үлдсэн 60-70 хувиа ижил гараан дээр чирч авчирахгүй бол эдийн засаг цаашаа өсөхөө байчихлаа.
-АН 2012-2016 онд нийслэлд хэрэгжүүлсэн хөтөлбөрөө тэр чигээр нь, зогссон цэгээс нь үргэлжлүүлнэ ээ гэсэн үг үү?
-2012-2016 онд Э.Бат-Үүл даргатай нийслэлийн шинэчлэлийн багийнхан их олон суурь ажлуудыг хийсэн. Нийтийн тээврийн шинэчлэлт, гэр хорооллын барилгажилт, замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ, дугаарын хязгаарлалт гэх мэтчилэн. Тэр суурь ажлуудын инерцээр дараагийн хотын дарга нар явсаар байгаад хугацаагаа дуусгалаа. Шинэчлэлийн багийнхан ажлаа үргэлжлүүлсэн бол 2020 оны долдугаар сард бид метрогоо ашиглалтад хүлээгээд авчихсан явж байх байлаа. Тэр дөрвөн жилд бид гэр хорооллын бүх гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгосон. Тэр дөрвөн жилд бид хорооддоо эрх мэдлийг нь өгч эхэлсэн. Хороон болгонд хоршоолол байгуулахад нь зориулж нийслэлийн төсвөөс таван сая төгрөг өгч байсан. Энэ бүх ажлыг МАН зогсоосон.
Гэтэл 2016-2020 онд МАН нийслэлд юу хийсэн бэ? гээд асуухаар усан оргилуураас өөр ярих юмгүй л болчихоод байна шүү дээ, ичмээр нь. Усан оргилуур хэнд хэрэгтэй юм бэ, С.Амарсайханд л хэрэгтэй байсан. Өөрийгөө ажил хийсэн болгож харагдуулахад нь хэрэгтэй байсан.
Тиймээс АН 2012-2016 онд нийслэлд хэрэгжүүлсэн бүх сайн хөтөлбөрийг үргэлжүүлнэ. “Сайн хашаа” хөтөлбөр бол гэр хорооллын инженерийн бүтцийг дэмжих хөтөлбөр байсан. Үүнийг сэргээнэ. Сайн оюутан хөтөлбөр, дагуул хотуудын асуудал байна. Маш сайн ажлууд эхэлсэн, тэрийгээ дуусгаж чадаагүй. Яг үнэндээ ялагдчихна ч гэж бодоогүй шүү дээ.
СОНГУУЛИЙН ИРЦЭЭ ӨМНӨХӨӨСӨӨ 10-15 ХУВИАР ДАВУУЛАХАД Л БИД МАН-ЫН ӨРСӨН ТООЦООГ ЭВДЭЖ ЧАДНА
-Сайхан сонсогдож байна. Гэвч нэг зүйлийг хэлэхэд энэ удаа орон нутгийн сонгуулийг ирцийн босгогүй болгосон, саналын босго бас тавиагүй. Санал авах цагаа хүртэл багасгасан. Эрх барьж байгаа дангаараа сонгууль явуулчих хэмжээний хуультай болсон шүү дээ. Саналын худалдан авалтуудаа аль хэдийн урьдчилаад хийгээд дуусчихсан гэж ярьж байна. Тийм тохиоолдолд АН яаж сонгуульд ялалт байгуулах юм бэ?
-Эрх баригчдаас өгч байгаа нөхцөл хүндрэх тусам иргэд маань илүү сэрж, сөрөх ёстой болоод байна. Хяналтаа сайжруулах хэрэгтэй. МАН төрийн мөнгөөр тоглож байна уу, өөрийнхөө мөнгөөр тоглож байна уу, мэдэхгүй. Гэхдээ л тэр нь нь хэмжээтэй байж таарна. Тэр хэмжээндээ тааруулж тооцоогоо хийгээд, ирц энэ тэрээ тооцсон юм шиг байна. Тиймээс бид өмнө оролцдог ирцээсээ 10-15 хувиар илүү оролцоход л эрхээ хамгаалж чадна. Тэгж чадвал МАН-ын хийсэн тооцоог нь эвдэж чадахаар байна. Ер нь бол орон нутгийн сонгууль 50 гаруй хувийн л ирцтэй, 51 хувьд нь хүргээд л хаадаг шүү дээ. Энэ удаагийнх сонгууль ирцийн босгогүй болсон. Энэ маш осолтой.
Уг нь бол энэ танхимд сууж байгаа хүний 6 нь нийлээд шийдвэр гаргадаг, нөгөө дөрвийнхөө саналыг хүндэтгэж үзээд явдаг биз дээ. Үүнийг ардчилал буюу олонхийн засаглал гэдэг. Гэтэл ирцгүй байна гэдэг чинь цөөнхийн засаглал руу явж байна гэсэн үг. Төрийн эргэлт шахуу юм болж байна шүү дээ. Үүнийг иргэд маань ойлгож, илүү хянамгай байх ёстой.
-Ийм нөхцөл байдалд иргэд, сонгогчид, ялангуяа залуу сонгогчдод хандаж хэлэх үг юу байна?
-Би найзуудаасаа “улстөржөөд өгөөч ээ” гэж гуйдаг. Улс төржинө гэдэг нь гонжоом өмсөөд даргын цүнх барихын нэр биш. Миний өмнөөс шийдвэр гаргаж байгаа хүмүүс хэн байна вэ? гэдгийг сонирхохгүйгээр бид амьдралаа зөв сайхан авч явах, эрх чөлөөгөө хамгаалах боломжгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Иргэдтэй уулзаад, ярилцаад явахад дийлэнх үнэмлэхүй нэг удирдагчийг л хүсч байна, эрх мэдлийн төвлөрлийг хүсч байна. Ийм байлгахын тулд системтэйгээр биднийг бэлтгэж ирсэн байна гэдгийг л харлаа. Цаана нь ямар аюул байгаа талаар мэдэхгүй байна. Гэхдээ бидэнд байгаа юм бол бидний сонголт байна. Одоохондоо сонголт байна.
Сонгууль улам бүр хэлбэрийн төдий болж байна. Эхлээд ирцгүй болгоно, дараа нь оролцоогүй ч болгож мэднэ. Тэрний дараа манай ээж, аавуудын ярьдаг шиг улсаараа нэг л хүн дугуйлдаг тэр систем рүүгээ буцаж магадгүй. Тиймээс энэ удаагийн сонгуульд илүү олуулаа оролцож саналаа өгч чадвал эрх баригчдын хийсэн тооцоо алдана. Тиймээс одоохондоо бидэнд сонголт байна.
Бүр ичмээр нь манай залуучууд “сонгууль өгсөн” гэдгээсээ ичих байдал руу орж байна. Тийм юм байж болохгүй. Өнөөдөр сонгууль өгч байгаа хүн бүр ямар нэг хүлээлттэй л сонгууль өгч байгаа. Тэр хүлээлт чинь дараагийн дөрвөн жилд биелэгдсэн үү, үгүй юу? Сонголтон дээрээ юу ялдав, юу онов гадгээ үргэлж харж байх ёстой. Тэгж чадвал лараачийн удаа танай тойрог дээр дурын нэг цүнх баригч ирэхээ больчихно. Иргэд юу хүсээд байгааг мэдчихээрээ илүү боловсролтой, чадвартай нөхдүүд ирдэг болно. Үүний төлөө хоёрхон сонгууль л хийчих хэрэгтэй. Тийм учраас энэ удаагийн орон нутгийн сонгуулиар иргэд маань сонгох эрхээ хадгалж авч үлдэх ёстой. Оролцоогоороо хадгалж үлдэх ёстой. Ирцгүй болчихсон сонгуулийг ирцийг нь давуулж хийж өгөөч ээ л гэж хүсэх байна. Тэгж байж хороогоо, дүүргээ аварья, хотоо аварья. Ийм л сонгууль болж байгаа шүү, идэвхитэй оролцоорой гэж хэлэх байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд ч гэсэн амжилт хүсье.
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (1)