Залуу уран бүтээлч Г.Гэрэлхүүгийн “Чөтгөрийн өндөг” бие даасан үзэсгэлэн аравдугаар сарын 6-ныг дуустал Art Space 976-д үргэлжилнэ.
Зураач Г.Гэрэлхүү нь зураасан зураг, бар болон хийсвэр зураглалын арга техникийг хослуулан бүтээсэн томоохон хэмжээний 17 ширхэг зургаа “Чөтгөрийн өндөг” нэртэй үзэсгэлэндээ дэлгэн үзүүлж байна. Өнгөц харвал морьтон баатар эрсийн тулааныг дүрсэлсэн, эрчилт хөдөлгөөнөөр дүүрэн түүний бүтээлүүд нь эртний домог, түүхийг бус, харин өнөөгийн хүмүүсийн амьдрал, үзэл бодол, хүсэл мөрөөдөл, олон ургальч үзэл хоорондын зөрчилдөөнийг харуулсан гэнэ.
Мөн энэ пүрэв гаригт /9-р сарын 26/ “Чөтгөрийн өндөгний тухай ярилцъя” нэртэй хэлэлцүүлгийг Art Space 976 галерейд зохион байгуулах аж. Энэ хэлэлцүүлгээс уран бүтээлч Г.Гэрэлхүү болон түүний бүтээлүүдийн талаар илүү ойлголтыг олж авах боломжтой юм байна.
Г.Гэрэлхүү нь ДУДС-ийн монгол зургийн ангийг төгссөн, хорь гаруйхан настайдаа олон улсын чанартай үзэсгэлэнгүүдэд уригдан оролцож эхэлжээ. Японы Фукуокогийн Азийн Триенналь, Австралийн Куйнслэндийн Ази Номхон Далайн Триенналь, Гонг Конгийн Шоени галерейд болсон “Хотын Хүүрнэл”, Шанхайн үндэсний уран зургийн музейд болсон “Хамтдаа”, Германы Норд Арт зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдэд бүтээлээ дэлгэж байжээ.