Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг буулган дахин шинээр барина гэх мэдээлэл гарсан нь олон нийтийн сүлжээнд эсэргүүцэлтэй тулгараад байна. Иргэдийн дунд "Эдгээр барилгыг хүчитгэн засварлах боломжтой юу, нураах шаардлага бий юу" гэх хэлэлцүүлэг хүртэл өрнөсөн билээ.
Төв талбай дээр болсон Засгийн газрын нээлттэй өдөрлөгийн үеэр мөн УДЭТ, ДБЭТ-ийн ажилтнууд барилгыг буулгаад дахин барих асуудлын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлжээ.
УДЭТ-ийн Ерөнхий зураач Т.Ганхуяг:
-1960 онд ашиглалтад орсон манай барилгын дээврийг 2015 онд засварласан. Дусаал дусаж шүүрсэн дээврийг засварлах ажил маш хүнд нөхцөлд хийгдсэн. Үүний дараа 2018 онд барилгын хананд тогтоосон байсан зурагнууд хөдөлж, суурийн хэсэгт цууралт үүссэн. Ингээд шалтгааныг тодруулахад тэр өдөр нь газар хөдлөлт болсон байна гэх мэдээллийг бидэнд өгсөн. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, цууралт өгсөн суурийн хэсэгт шинжилгээ хийлгэхэд газар хөдлөлтийн 4 баллд шууд нурна, барилгын 60 хувь галд өртөмтгий гэх мэт мэдээллийг багтаасан тайлан гаргаж өгөөд байна.
Дотор нь ажилладаг уран бүтээлчийн хувьд хэлэхэд сүүлийн үеийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, хөшиг тогтоох болоход тааз маань дийлэхгүй болчихдог. Мөн анхнаасаа Залуучуудын соёлын төвийн зориулалтаар баригдсан учраас үзэгчдийн суудлын зохион байгуулалт, тайз нь театр биш, хурлын танхим шиг шийдэлтэй. Тиймээс уг барилгыг буулгаад дахин барих нь зөв гэж бодож байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг яам, Засгийн газраас гаргана.
ДБЭТ-ын Захирал Ц.Төвшинтөгс:
-1949 онд барилгын ажил дуусаж, 1950 онд ашиглалтад орсон манай театрын хувьд хана цуурсан байдалтай байгаа. Гадны томоохон уран бүтээлчдийг урьж тоглуулах, шинэ тоног төхөөрөмж суурилуулах гэхээр зай талбай бага, тааз даахгүй зэрэг хүндрэл гардаг. Тиймээс буулгаад дахин барих асуудлыг хувьдаа дэмжиж байна. Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу зураг төсөл боловсруулагдах ажил хийгдэж байгаа. Энэ сарын 27-нд болох БСШУСЯ-ны нээлттэй өдөрлөгийн үеэр шинэ загварыг танилцуулна гэж ойлгосон.
Барилгыг буулгаад дахин шинээр барих уу, хүчитгэн засварлах боломжтой юу гэдгийг зураг төсөл боловсруулж байгаа мэргэжлийн хүмүүс хэлэх байх. Манай хамт олны хувьд гарсан шийдвэрийг л дагана.
Сэтгэгдэл (2)