УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоог хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд дуусгавар болсон. Цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилдог бөгөөд Д.Ганзоригийг 2013 оны дөрөвдүгээр сарын 25-нд томилж байв.
Цэцийн гишүүнийг нэг удаа улираан томилж болдог байсан ч 2016 онд хуульд нь өөрчлөлт оруулж энэ тухай заалтыг хүчингүй болгосон юм. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс санал болгон УИХ-аар томилуулдаг. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Д.Ганзориг гишүүнийг УИХ-аас санал болгон томилуулсан юм. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилуулахаар нэр дэвшүүлсэн билээ.
УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ.