УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр саналаа нэгтгэж дуусчээ. Тэд өнөөдөр нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барих гэнэ.
1992 онд батлагдсан анхны Үндсэн хуульд 2000 онд оруулсан "дордуулсан долоо" гэгдэх өөрчлөлтөөс хойш 19 жилийн дараа дахин нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна.
Нэмэлт өөрчлөлтийн нийтэд ил болсон сүүлийн хувилбараар УИХ, Засгийн газар, шүүх, нутгийн удирдлагын тогтолцоо, намын чиг үүрэг, Үндсэн хуулийн цэцтэй холбоотой зургаан үндсэн бүлэгт өөрчлөлт оруулахаар танилцуулсан. Тухайлбал, Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой нэлээд хэдэн зүйлийг хассан тухай мэдээлж байв.
Харин өнөөдөр өргөн барих төсөлд Үндсэн хуулийн таван бүлэгт өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Уг төсөл хаврын чуулганы хэлэлцүүлэгт орвол үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцэн УИХ өөр бусад асуудал хэлэлцэх ёсгүй. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхдээ дөрвөн шатны хэлэлцүүлэг хийх тухай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан байдаг. Харин ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг хэлэлцүүлгийн үеэр шийдэх юм байна.