УИХ-ын хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Тус Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хийжээ. Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Л.Болд, Б.Жавхлан, Д.Тэрбишдагва нар төрөөс өрсөлдөөнт шалгаруулалт зарлахдаа сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх байршил, эх үүсгүүрийн төрөл, хүчин чадал, жилд худалдаж авах эрчим хүчний хэмжээг урьдчилан тодорхойлж, тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг төслөө хэрэгжүүлэхэд нь төрийн зүгээс шаардлагатай нөхцөл боломжоор хангасан байх гэсэн саналуудыг гаргаж, саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Эрдэнэбат, Б.Дэлгэрсайхан, Ш.Раднаасэд, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн нар Байнгын хороо, төсөл санаачлагч гишүүд болон салбарын сайд, ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Энэ хуулийн төсөл нь манай улсад өндөр өртөгтэй байгаа сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг дэлхий нийтийн жишгийн дагуу өрсөлдөөний зарчмаар бууруулах асуудлыг өөрийн орны нөхцөл байдалд нийцүүлэн хуульчилж зохицуулахад чиглэж байгаа аж.
Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэг бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгах байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул санал хураалтыг Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болж нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.