x

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн цаг бусаар амиа алдсан хэргийн эргэн тойронд

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг. Талийгаач тэр өдөр “Торгоны зам" олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцсон байдаг.

Тэрбээр Монголын Автомашин, мотоциклын спортын холбооны ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан юм. Олон улсын авто уралдаан болох гэж байгаатай холбоотойгоор Төрийн ордонд хурал зохион байгуулж, оролцсон байна. Талийгаач хуралдааны танхимаас гараад Төрийн ордны хоёр давхарт явж байхдаа МАН-ын нэр бүхий гишүүдтэй уулзсан байдаг. Ингээд удалгүй учир битүүлэг байдлаар амь насаа алдсан байдалтай олдсон.

Дээрх хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар “Г.Батхүү бусдын гарт амь насаа алдсан байж болзошгүй” хэмээн таамаглал дэвшүүлэн мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байв.

Г.БАТХҮҮГ УНАСАН БАЙСНЫГ ХАРСАН ГЭРЧ ЦАГДАА НАРТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨЛГҮЙ ЦАГ АЛДСАН ШАЛТГААН ЮУ БАЙВ

Нийслэлийн цагдаагийн Шуурхай удирдлагын төвийн 102 дугаартай утаст Төрийн ордны нэгэн ажилтан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад "Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага өгсөн гэнэ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс “Төрийн ордноос ирсэн дуудлагын дагуу Нийслэлийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж үзлэг явуулсан.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэргийг шалгах ажил НЦГ-ын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд явагдаж байгаа” гэх мэдээлэл хийсэн. Тэгвэл анх цагдаа нарт дуудлага өгсөн хүн УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг унасан байсныг 19:09 цагт анх харсан гэх мэдээлэл байгаа юм. Дээрх мэдээллийг батлах мэт зүйлсийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр хэлсэн.

Тэрбээр “Талийгаач 18:30-18:36 цагт АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаатай “Би авто раллигийн хуралдаанд оролцсон Оросын талын төлөөлөгчтэй оройн хоолонд орно. Та Элчин байсан хүн, дээрээс нь хуучны түншүүд чинь ирсэн учраас оройн хоолонд цуг орох уу” гэж яриад, цаг болзсон байгаа юм. Мөн 18:35 цагт ордны гурван давхраар баруун тийшээ алхаж явсан нь дүрс бичлэгт үлджээ. Харин 19:09 минутад нэг давхарт унасан байдалтайгаар олдсон.

Гэхдээ 19:57 минутад цагдаагийн байгууллагад анхны дуудлага өгсөн байдаг юм. Яагаад ийм удаан хугацааны дараа дуудлага өгөх болов гэдэгт хүмүүс эргэлзэж байна” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл хэргийг шалгаж байгаа цагдаа нар талийгаач Г.Батхүүг хоёр давхрын гонхноос унасан байгааг харсан гэрчүүд ямар учир шалтгаанаар цаг хугацаа алдаж цагдаад дуудлага өгөх болсон бэ. Тухайн өдрийн 19:09 цагаас 19:57 минут хүртэлх хугацаанд юу болж өнгөрсөн бэ гэдгийг шалгаж байгаа гэнэ.

Тухайн үед талийгаачийн ар гэрийнхнийг хэргийн газар оруулалгүй хамгаалалтад авсан. Гэхдээ талийгаачийн талаас нэг хүн орж хэргийн газрыг харсан гэнэ. Г.Батхүүгийн төрсөн дүүгийн нөхөр цагдаагийн хурандаа н.Батсайхан хэргийн газарт очиж үзсэн гэх мэдээлэл байгаа юм.УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан гэх мэдээлэл гарсан даруйд цахим орчин болон нэр бүхий мэдээллийн сайт, телевизүүдээр учир битүүлэг мэдээлэл гарсан байдаг.

Жишээ нь, Т.Батхүүгийн зүрх нь гэнэт хаагджээ”, “Биеийн байдал нь хүнд байсан гэнэ”, “Хорт хавдартай байжээ”, “Даралт нь ихсээд харвалт өгсөн бололтой” гэсэн утга бүхий мэдээлэл гараад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Г.Батхүү золгүй байдлаар Төрийн ордны хоёр давхрын гонхноос унаж амь насаа алдсан гэсэн мэдээлэл гараад эхэлсэн. Хэн хаанаас ямар эх сурвалжаас мэдээлэл авсан нь тодорхойгүй, хэрэгтэй холбоотой мэдээлэл хурдацтай тархсан.

Талийгаачийн бие нь хөрөөгүй байхад маш хурдацтайгаар Г.Батхүү өвчний улмаас амь насаа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ нь Г.Батхүү бусдын гарт амиа алдсан байж болзошгүй. Гэмт хэрэгтэн үйлдсэн хэргээ нуун дарагдуулахын тулд санаатайгаар дээрх худал мэдээллийг тараасан байж магадгүй гэх сэжиг таамаг олон нийтэд бий болсон. Үнэн хэрэгтээ Г.Батхүү өнгөрсөн дөрөвдүгээр сард эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан.

Бие нь эрүүл саруул байгаа талаар дүгнэлт гарсан гэдгийг ар гэрийнхэн нь мэдэгдээд байгаа. Тэгвэл Г.Батхүү өвчний улмаар амиа алдсан гэх мэдээллийг тараасан сайт, телевизийн редактор, сэтгүүлч, хувийн хаягаасаа бичсэн иргэдийг цагдаа нар шалгаж эхэлжээ. Нэр бүхий цөөнгүй хүнээс Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрынхан мэдүүлэг авсан байна.

Н.НОМТОЙБАЯР: ТАЛИЙГААЧ Г.БАТХҮҮТЭЙ СҮҮЛД УУЛЗСАН ХҮМҮҮСИЙНХ НЬ НЭГ БИ ЯАХ АРГАГҮЙ МӨН 

Ардчилсан намынхан Г.Батхүүг гадны нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй гэх хэвлэлийн хурал зарласан. Мөн талийгаач хамгийн сүүлд МАН-ын нэр бүхий гишүүнтэй уулзсан гэдгийг хэлсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийсэн. Тэрбээр “Тавдугаар сарын 17-ны орой талийгаач бид хоёр ордонд хамтдаа алхаад явж байсан. Бид өмнөх парламентад цуг ажиллаж, мөн хамтдаа авто спорт сонирхдог. Хоёулаа ч авто спортын холбоотой юм.

Тэрбээр “Дүүгийн өрөө аль билээ” хэмээн надаас асууж, манай өрөөнд 10-15 минут саатсан. Хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүн нь хэн бэ гээд эргэлзээд, хайгаад байх зүйл байхгүй. Цаг хугацааг нь тооцоод үзэхэд сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг би яах аргагүй мөн. Талийгаачийг өрөөнөөс гарсны дараа би 19:18 цагт бүлгийн хуралд орсон. Бүлгийн хуралд ороод картаа хийхэд цаг нь автоматаар бүртгэгдэж байдаг учраас мэдэж байна.

Цагдаагийн байгууллага надаас гэрчийн мэдүүлэг авсан. Хаана, хэзээ таарсан, юу ярьсан талаараа би мэдүүлсэн. БНХАУ руу айлчлалаар явсан гишүүдтэй өдрийн хоолонд хамт орсон. Ажил хэргийн асуудал ярьсан. Тэр үед Си Жиньпин даргын өгсөн бэлгийн архийг задалсан. Түүнээс халамцуу явсан зүйл байхгүй. Бид хоёрын хувьд манай холбооны авто спортын төрлийн таван жилийн ажлыг дүгнэх, тамирчдад цол зэрэг олгох тухай ярьсан.

Удахгүй болох тэмцээнээ угтаж 44 мянган авто ралли сонирхогчийнхоо өмнө хэвлэлийн хурал хийе гэх мэт ажил хэрэгч зүйлүүдийг ярьсан. Бид хоёр 2016 оны сонгуулиас хойш уулзаагүй. Жин нэлээн хассан байсан нь анзаарагдсан. Нүүрнийх нь судас нь бага зэрэг улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан. Тухайн үед талийгаач ганцаараа явсан. Гарахдаа “Хүн хүлээж байгаа. Ах нь яараад байна” гэсэн. Их л яаруу явж байсан.

О.БААСАНХҮҮ: Г.БАТХҮҮ АГСНЫГ НАС БАРСАН БАЙХЫГ БИ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХАРСАН. ТОЛГОЙ НЬ НЭЛЭНХҮЙДЭЭ ЦУС БОЛСОН БАЙСАН 

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Миний өрөө 111 тоот буюу хэрэг болсон газрын наад өрөө. 18:00 цагт УИХ-ын чуулган тараад, хүмүүстэй уулзаад гарч байгаад хэрэг учралтай таарсан. Би өөрөө хуульч хүн учраас, 20 гаруй жил эрүүгийн хэрэг учралын хавтаст хэргийг үзэж, иймэрхүү хэргийг харж байсан учраас тухайн үед авах ёстой зохих арга хэмжээнүүд юу байх вэ гээд шийдвэрүүдийг гаргасан.

ТЕГ-ын зохих удирдлагуудад мэдэгдсэн. Хоёрдугаарт, уг хүн нь амь насаа алдсан эсэхийг тогтоох ёстой. Манай өрөө хоёр давхар, хоёр хаалгатай тул тухайн үед дуу чимээ сонсогдох боломжгүй. Талийгаачийг унасан гэж ойлгож байгаа. Унасных нь дараа харсан. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйн тулд цаг, минут хэлэх боломжгүй. Сэтгүүлчид тэнд мөн байсан юм билээ. Тухайн үедээ толгойдоо гэмтэл авсан уу, өөр байдлаар амиа алдсан уу гэдгийг мэдэхгүй. Толгой орчимд нь нэлэнхүйдээ цус болчихсон, хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тухайн үед Г.Батхүү агсныг гэж анзаараагүй, мэдэх боломж ч байгаагүй” гэсэн юм.

ТӨРИЙН ОРДОНД ТЭР ӨДӨР АРХИДАЛТ БОЛЖЭЭ

Талийгаач Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан өдөр тавдугаар сарын 17 буюу баасан гариг байсан. Тэр өдөр ордонд нэр бүхий УИХ-ын гишүүдийн дунд хавтгай архидалт болсон гэх мэдээлэл гараад байгаа. БНХАУ-ын тэргүүн Си Жиньпин манай улсын УИХ-ын нэр бүхий гишүүдэд гарын бэлэг өгсөн. Тэр дундаа хамгийн хүндтэй хүнд өргөн барьдаг 50 гаруй градусын спиртийн агууламжтай “Моту” хэмээх архийг гарын бэлэг болгон өгсөн. Урд хөршийн төрийн тэргүүний өгсөн архийг УИХ-ын гишүүд өдрийн хоолон дээрээ задалж ууцгаасан гэдэг нь тодорхой болоод байгаа. 

Төрийн ордонд болсон архидалтын талаар “Өдрийн сонин”-ы 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр гарсан “Ерөнхийлөгч үнэнийг шударгаар хэлжээ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байдаг. Нийтлэлд УИХ-ын гишүүн Н нь өдрийн хоолноос эхлэн спиртийн өндөр агууламжтай (53-56 градус) хятад архи ууж эхэлснээ өөрөө хэвлэлийнхээ хурлын үеэр сэтгүүлчдийн өмнө хэлсэн.

  1. Төрийн ордонд ажилладаг УИХ-ын гишүүд, туслахуудын яриагаар УИХ-ын гишүүн Ч-гийн өрөөнд Э, С нарын гишүүн үдийн хоолны дараа хэсэг бүлгээрээ архи ууцгаасан бөгөөд гишүүн Н хамгийн их уусан гишүүний нэг байжээ.

  2. Түүний дараагаар хүчний байгууллагын өндөр албан тушаалтан, гишүүн Н-ын өрөөнд ороход тэрбээр архиар дайлж, өөрөө гурван удаа татжээ. Харин уг өндөр албан тушаалтан уугаагүй болохыг Н-ын туслах нь бусад туслахад ам алдсан яриа Төрийн ордноор нэг яригдаж байна.

  3. МАН-ын Хяналтын зөвлөлөөр арга хэмжээ авагдсан УИХ-ын хоёр гишүүний улстөрчийн хувь заяаг МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар шийдэхийн өмнө хэрхэх талаар С.Бямбацогт гишүүний өрөөнд МАН-ын хэсэг гишүүд ярилцаж суухдаа мөн л согтууруулах ундаа хэрэглэн, сэтгэлээ нээн ярилцахад гишүүн Н ч мөн манлайлан оролцсоныг хамт байсан УИХ-ын гишүүд, туслахууд нь ярьцгаасан байна.

  4. УИХ-ын гишүүн Н талийгаач Б-тэй өрөөндөө ярилцаж суухдаа мөн л архиар дайлж, өөрөө ихээхэн уусныг зөвлөх нь мэдүүлэгтээ хэлсэн болохыг сошиалаар олонтоо мэдээлсэн.

Энэ бүгдээс харахад өдрийн 13:00 цагаас эхэлсэн МАН-ын бүлгийн хуралд ортлоо нийт зургаан цагийн турш спиртийн өндөр агууламжтай (53-56 градус) архи их хэмжээгээр тасралтгүй уусан гишүүн Н өөрийгөө хянаж чадахааргүй, хүнтэй аятайхан ярих ч чадваргүй болтлоо согтох нь хэнд ч ойлгомжтой. Түүний догшин ширүүн, харгис зан авирыг монголчууд бид түүний сүүлийн арав гаруй жилийн дуулиант хэргүүдээс хэдийнэ мэдэх болсон.

Иймд их хэмжээний согтолттой байсан гишүүн Н бүлгийн хуралдаа оролцох хэмжээний, өөрийнх нь хэлснээр гөлөмцүү болж, сэргэсэн нь түүнд тохиолдсон гэнэтийн сэтгэл санааны цочрол шоконд орсноос үүдэлтэй байх магадлалтай. Талийгаач Б өөрийн үхлээр үхээгүй болох нь шүүхийн задлан шинжилгээгээр нэгэнт тодорхой болсон бөгөөд толгойн тус газраа хүнд гэмтэл авч улмаар өндрөөс унаснаар амиа алдсан гэдэг нь тогтоогдсон.

Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүн гэдгээ гишүүн Н өөрөө хэвлэлийн хурал хийж, хүлээн зөвшөөрсөн. Уулзахдаа маш их хэмжээний согтолттой байсан гэдэг нь энэхүү уулзалтаас хойш 3-4 минутын дараа бүлгийн хуралдаа ороод согтуурхан, намын дарга Ерөнхий сайдтайгаа хэрүүл уруул хийж, хажууд сууж байсан гишүүд нь танхимаас хүчээр авч гарсан гэж УИХ-ын бүлгийн гишүүд нь олонтаа мэдэгдсэн.

Талийгаачийн цогцсыг анх харж, Төрийн ордны хамгаалалтын албанд мэдэгдсэн гишүүн Б нь их хэмжээний согтолттой байсныг хамгаалалтын албаныхан тодорхойлсон ба туслах нь ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг гэх нийтлэл гарсан билээ.

Дээрх хэрэгтэй холбоотой нийтлэл мөн 2019 оны тавдугаар сарын 27-ны “Зууны мэдээ” сонин дээр “Хэргээ булзааруулахын тулд хууль хяналтын байгууллагыг төөрөгдүүлэх гэж оролдсон уу?” гэсэн гарчигтай “ОХУ (хуучин ЗХУ)-д Дотоодыг хамгаалах яамны дээд сургууль болон академийг төгссөн ахмад мөрдөн байцаагчийн байр суурь” гэх нийтлэл гарсан.

Уг нийтлэлд “УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн хэвлэлийн хурлыг нягталж үзээд, мэргэжлийн хүний хувьд өөрийн байр суурийг хуваалцаж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн мэдэгдэл нь түүнийг уг хэргийг гардан гүйцэтгэсэн байх маш өндөр магадлалтайг илэрхийлсэн криминалистикийн шинжлэх ухаанаар олон удаа туршигдаж батлагдсан том алдаанууд байгааг олж харснаа хуваалцаж байна.

Иргэд ч дээрх бичлэгийг анхааралтай үзвэл миний хэлэх дараахь зүйлүүдийг олж хараад, надтай санал нэгдэнэ хэмээн гуч гаруй жилийн ажлын туршлагадаа үндэслэн итгэлтэй байна.

Нэгд, Н.Номтойбаярын мэдэгдэлд дурдсан цаг хугацаа, хэрэгтэй холбоотой нотлогдсон цаг хугацаа зөрөлдөж байна.

  1. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн хуралдаа 19:18 цагт орсныг ирц бүртгэлийн программ хурууны хээгээр бүртгэсэн байдаг. Үүнийгээ өөрөө ч батлан мэдэгдсэн.

  2. УИХ-ын ишүүн Н.Номтойбаяр бүлгийн хурал руугаа зөвлөхтэйгөө хамт өрөөнөөсөө гараад хурлын танхим руу шууд алхаж очсон гэж мэдэгдсэн юм. Гэтэл Н.Номтойбаяр гишүүний өрөө, бүлгийн хурлын танхим аль аль нь нэг давхарт, ойролцоо байрладаг бөгөөд шууд алхаж очиход дундаж алхаагаар 1-2 минут зарцуулахаар байдаг. Ингээд бодоход өрөөнөөсөө хамгийн эрт цаг хугацаагаар тооцож үзэхэд 19:16 цагт гарсан байж таарна.

  3. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаачийг өрөөнөөсөө гарсны дараа 3-4 минутын дараа зөвлөхтэйгөө хамт хурлын танхим руу гарсан гэж мэдэгдсэн. Ингэж үзэхээр Н.Номтойбаярын өрөөнөөс талийгаач 19:12 цагт гарсан болж таарна.

  4. Төрийн ордны харуулын албанд 19:09 цагт “Хүн нас барсан байдалтай олдлоо” гэсэн мэдээлэл иржээ. Тэгэхээр золгүй явдал 19:09 цагаас өмнө болсон байж таарлаа. Гэтэл энэ цаг нь Н.Номтойбаярын мэдэгдлээс харвал талийгаач түүний өрөөнд хамт байсан цагтаа давхцаад байгаа нь Н.Номтойбаярын мэдэгдэлд байгаа ноцтой алдаа юм.

Хоёрт, Н.Номтойбаяр мэдэгдэлдээ уг хэрэгтэй холбоотой нарийн ширийн мэдээлэл (деталь) их оруулж тайлбарлалаа. Үүнд,

  1. Уг хэргийг “золгүй явдал” гэж өөрөө тодорхойлсон бөгөөд өмнө нь буюу хөндлөнгийн нөлөөгүй гэж үзэж байсныг үгүйсгэсэн мэдэгдэл болсон. Энэ хэргийг хөндлөнгийн нөлөөтэй гэж мэдэж буй хүн л ийн тодорхойлох боломжтой.

  2. Мөн талийгаачийг жин их хассан, нүүрний судас нь улайлттай байсан, эмчилгээ хийлгэж байгаа гэх мэт бүх зүйл өвчнөөс болсон мэтээр ойлгуулахыг хүссэн мэдэгдэл хийсэн байдаг.

Гэтэл хэрэг явдлаас хэдхэн минутын өмнө хамт хуралдаж байсан бусад хүний хэн нь ч ийм байдал ажиглаагүй гэдгээ илэрхийлсэн. Хэрэг хийгээд булзааруулах гэсэн хүн л иймэрхүү нарийн деталь ашиглаж өөрийгөө хамгаалах оролдлого хийдгийг криминалистикт маш тодорхой заасан байдаг.

Эцэст нь хэлэхэд, социализмын үед ч, баруунд ч хүний амь эрсэдсэн үед хамгийн сүүлийн уулзсан этгээд, гэрчийг хэргийн хангалттай баримт олдтол нийгмээс тусгаарлан шалгадаг практик байдгийг хууль хяналтын байгууллагынхан мэдэх учиртай хэмээн бичсэн байв.

УИХ-ЫН ГИШҮҮД ЦАГДААГИЙН ҮЗЛЭГЭЭС ӨМНӨ ӨРӨӨГӨӨ ЦЭВЭРЛҮҮЛСЭН ҮҮ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор өөр нэг ноцтой мэдээлэл цахим сайтуудаар гараад эхэлсэн. isee.mn гэх сайт дээр 2019 оны тавдугаар сарын 25-нд “Г.Батхүү агсан амиа алдах үеэр албан өрөөндөө архидсан УИХ-ын гишүүн цагдаагийн үзлэгээс өмнө өрөөгөө цэвэрлэсэн үү” гэх гарчигтай мэдээлэл гарсан.

Уг мэдээлэлд “Г.Батхүү агсныг амиа алдах үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий УИХ-ын гишүүн /нэрийг нь нууцлав/ Төрийн ордны хоёр давхрын 21* /өрөөний дугаарыг нууцлав/ тоот албан өрөөндөө бусдын хамт согтууруулах ундааны зүйл /архидаж/ хэрэглэж байсан байж болзошгүй байгаа ажээ. Учир нь Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн дараахан /энэ долоо хоногийн даваа гаригт/ цагдаагийн байгууллага хэрэгт хамаарах үзлэгийн талбараа “өргөтгөж” үзлэг явуулсан байна.

Энэ үеэр Төрийн ордны хоёр давхрын 21* тоот өрөөнд суудаг УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий УИХ-ын гишүүний өрөөнд хэрэг гарах үеэр архидалт болж, амралтын өдрүүдэд тус өрөөгөө цэвэрлээд, даваа гаригт Цагдаагийн үзлэг хийхээс өмнө дрож /хивстэй адил материал/, буйдангийн дээр байдаг байж болзошгүй “дэр” зэрэг дээр тогтсон цус байж болзошгүй улаан өнгийн толбыг Төрийн ордны үйлчилгээнд хандаж гүн цэвэрлүүлсэн байж болзошгүй байгаа ажээ.

Дрож болон дэрэн дээр тогтсон хүний цус байж болзошгүй улаан толбо нь хүмүүсийн маргаан, зодооноос үүссэн үү гэдгийг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байгаа байх” хэмээн бичсэн байх ажээ.

Г.БАТХҮҮ, Н.НОМТОЙБАЯР НАРЫН ДУНД ҮЛ ОЙЛГОЛЦОЛ БАЙСАН УУ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан хэрэг явдалтай холбоотой мэдээлэл, таамаглалууд ар араасаа цувран гарч байна. Нийгмийн сэтгэл зүй УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр руу чиглэж эхлээд байна. Мэдээж хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь тэр болж таарсан. Мөн талийгаач Г.Батхүү, Н.Номтойбаяр нар хувийн таарамжгүй харилцаатай байж болзошгүй хэд хэдэн баримт байдаг.

Г.Батхүү “Монголын Автомашин, мотоциклын спортын холбоо”-ны ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байгаа. Тэгвэл Н.Номтойбаяр “Оффроад”-ын холбоог тэргүүлдэг. Тэгвэл дээрх хоёр холбоо тамирчдын цол гуншин зэрэг асуудлаас болж маргаантай байдаг.

Үүнээс болоод хоёр тэргүүний дунд үл ойлголцол үүсэж байсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн Г.Батхүүгийн төрсөн дүү П.Батчимэг Дорнод аймгийн Ардчилсан намын ҮБХГ юм байна. Бүр Н.Номтойбаяртай нэг тойрогт өрсөлдөхөөр болсон. Ингээд тойрог дээрээ ажиллаж эхэлсэн. Үүнээс болоод тэдний дунд мөн л үл ойлголцол бий болсон байх магадлал байгаа ажээ.

ЦАГДАА НАР ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ

Хэргийг шалгаж байгаа цагдаа нар талийгаач Г.Батхүү Төрийн ордонд хэнтэй хамгийн сүүлд уулзсан, хэний өрөөгөөр орсон, тэр өдөр талийгаач хэн нэгэнтэй архи уусан уу, нэр бүхий УИХ-ын гишүүд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу. Талийгаач ямар хүмүүстэй гар утсаараа холбогдож ярьсан зэргийг хөөн шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл цаг хугацааны дарааллаар мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэнэ.

Тухайлбал, УИХ-ын гишүүний өрөөнд хэдэн минут болсон. Тэндээсээ гараад хэдий хэрийн хугацааны дараа гонхноос унасан байж болох вэ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлээд байгаа шиг хэн нэгэнтэй уулзахаар яарч байсан уу гэдгийг ч шалгаж тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Мөн тэдний хоорондын харилцаа ямар байсан. Өмнө нь муудалцаж байсан уу.

Ямар нэгэн эрх ашиг нь зөрчигдөж, үл ойлголцол бий болж байсан уу гэдгийг тогтоох ажиллагаа өрнөж байгаа гэнэ. Хэрэг гарсан байж болзошгүй Төрийн ордны хоёр давхрын хивсэнцэрт шинжилгээ хийсэн байна. Гадны нөлөөтэй ч бай, нөлөөгүй ч бай тэнд ямар нэгэн ул мөр заавал үлдэх ёстой гэж мөрдөгчид үзэж байгаа гэнэ. Одоогоор хоёр давхрын хивсэнцрээс авсан шинжилгээний хариу гараагүй байна.

Хэрэв хөл алдаж унасан бол тэнд ул мөр үлдэх ёстой ажээ. Өөр нэг ноцтой мэдээлэл нь хэргийн цар хүрээ хумигдаж эхэлсэн. Шинжээчийн урьдчилсан дүгнэлт гараад байгаа юм. Урьдчилсан дүгнэлтээр талийгаачийг өвчний улмаас нас бараагүй гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл, цус харвах, зүрхний шигдээс болох зэрэг гэнэтийн байдлаар амиа алдаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулбал, өндрөөс унаснаас үүдсэн гэмтлээс болж нас барсан гэжээ.

Мөн тархиныхаа магнай, ар дагз хэсэгт хүчтэй цохигдсон шарх сорви байгаа гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, хэрэг шалгах ажиллагаанд эргэлзээ гарч эхэлсэн бололтой. Г.Батхүүгийн тархиндаа авсан гэмтэл гонхоос унахад үүссэн байна уу, үгүй юү гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлага бий болоод байгаа юм.

Ардчилсан намаас Г.Батхүүгийн амь насаа алдсан асуудлаар Олон улсын парламентын холбоонд хандаж байгаагаа мэдэгдээд байгаа. Талийгаачийн гэр бүл болон намын нөхөд нь тухайн хэрэг, үйл явдлыг мөрдөн шалгах ажиллагаанд гадны хяналт тавьж, үнэн мөнийг олох үүднээс олон улсын байгууллагад хандсан байна.

Удахгүй хэргийг шалгаж байгаа цагдаа нар хэн нэгэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах уу, үгүй юү гэдгийг шийдэх юм гэнэ. Одоогоор хэн нэгнийг Г.Батхүүгийн аминд хүрсэн гэх хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэх тодорхой баримт хуулийнханд олдохгүй байгаа аж. Гэхдээ УИХ-ын нэр бүхий гишүүдээс гэрчийн мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаа хийхэд саад бэрхшээл тулгарч байгаа. Энэ нь цагдаа нарын анхаарлыг татаж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн юм.

Дээрх хэрэгтэй холбоотой өөр нэг таамаг нь талийгаач Г.Батхүү Төрийн ордны гурван давхраас бууж явахдаа хөл алдсан байж магадгүй. Ингээд өндөр биетэй, жин ихтэй хүн зогсож чадалгүй явсаар хоёр давхрын гонх руу доош унасан. Хоёр давхрын гонхны хашлага давж унахдаа доор байх 50 см-ийн хөндлөн өргөн тавцанд толгойгоо цохисон байх гэх таамаглал дэвшүүлэн шалгаж байгаа гэсэн.

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүүгийн амиа алдсан хэрэгтэй холбоотой олон нийтэд ил гарсан баримтуудыг шүүж үзэхэд ийм байна. Гэхдээ манай УИХ-ын гишүүд арай ч Төрийн ордондоо хүний амь хөнөөчих хэмжээнд хүрээгүй байлгүй дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зоч (66.181.161.100)
    Хэрэг хумигдаж байгаа юу. Одоохон маш нямбай ажиллахгүй бол Зоригийн хэрэг шиг замхарч бүдэгэрэх байлгүй дээ. Чимээгүй л байх юм. Шүүгч нарыг сольж байж шийд гаргах гээд байгаа юмуу. Надад энэ төрд итгэх итгэл алга боллоо. Харамсалтай байна. Би уул нь дотроо сэтгэл өег байсан юмсан. Харамсалтай, маш харуусалтай байна энэ төр
    2019 оны 07 сарын 01 | Хариулах
  • ???? (202.126.88.66)
    баасан гишүүний яариаг хэд хэд сонсло эхлээд тагнуул дараа нь 103 102 гэнүү ? хараад хамгийн түрүүнд 103 дараа нь тэр тагнуулаа 102 дуудах ёстой бгүй хамгийн түрүүнд хүний амь яаригдах ёстой биз дээ
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • irgen (66.181.177.224)
    honoochihson um bishuu arhidalt
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 4 цаг 6 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 4 цаг 9 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 4 цаг 18 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 4 цаг 20 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цаг 21 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 4 цаг 23 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 4 цаг 24 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 4 цаг 25 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 4 цаг 28 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 23 цаг 46 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 23 цаг 49 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 23 цаг 50 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 23 цаг 53 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 23 цаг 55 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно Өчигдөр 13 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ Өчигдөр 13 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна Өчигдөр 13 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв Өчигдөр 13 цаг 48 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top