УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хурадаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ.
Төрөөс өрсөлдөөнт шалгаруулалт зарлахдаа сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх байршил, эх үүсвэрийн төрөл, хүч чадал, жилд худалдан авах эрчим хүчний хэмжээг урьдчилан тодорхойлж, тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд төслийг хэрэгжүүлэхэд нь төрийн зүгээс хийх боломжтой нөхцөл шаардлагаар хангасан байх гэсэн агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, Б.Дэлгэрсайхан, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.