УИХ-аас Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд танилцууллаа. Дүгнэлттэй холбогдуулан байнгын хорооны гишүүд ажлын хэсгийнхэн болон салбарын яам, төрийн өмчит компаниудаас асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:
-Оюутолгойн гэрээ байгуулагдахад нийт өртөг 4,1 тэрбум доллар байсан бол өнөөдөр 14,6 тэрбум доллар болж 4 дахин өссөн. Монголын талыг Оюутолгойн төсөлд төлөөлж байгаа нөхдүүд 2048 онд Монгол Улс эхний ашгаа хүртэнэ гэж яаж хэлж чадаж байна аа. 35 жилийн дараа үр ашгаа хүртэх төсөлд хөрөнгө оруулдаг, хувьцаа эзэмшигч болдог тэнэг хүн гэж байдаг юм уу. Риотинто бол үнэхээр Монголчуудын толгой дээр гараад суучихсан байна. Хөрөнгө оруулчихаад, хувьцаа эзэмшигчээ өрөнд оруулдаг төсөл гэж байх ёсгүй. Оюутолгойн ирээдүйн орлого 118 тэрбум доллар гэж тооцсон байдаг. Гэтэл тухайн үед зэсийн үнэ 4400 доллар байсан. Одоо үнэ өсөөд 6200 доллар байгаа. Яагаад зах зээлийн бодит үнийн тоогоо Монголын тал засч янзлаад Риотинтотой хэлэлцээрийн ширээний ард сууж болохгүй байгаа юм бэ.
Бизнес бол байнгын хэлэлцээрийн үр дүн дээр л явагддаг. Бид 10 жил энэ мэт боломжоо алдлаа. Зөвхөн Оюутолгойг хангах цахилгаан станцаа барьж чадаагүйн улмаас 400 сая доллараа алдчихаад сууж байна. Бид өдөр бүр ард түмэндээ хайртай гэж ярьдаг. Гэтэл ард түмнийхээ хүртэх ёстой үр өгөөж, хувьцааг, хувь эзэмшдэг төслийг ийм байдалд хүргэсэн УИХ-д сууж байгаадаа ичиж байна. Гэрээг үр ашигтай болгох олон хуювилбар байгаа ч яагаад УИХ-д нэг ч удаа танилцуулдаггүй юм бэ. Би 7 жил УИХ-д суухдаа нэг ч хувилбар оруулж ирснийг санахгүй байна. Монголын талын 34 хувийг төлөөлж байгаа нөхөд өө. 2048 он гэхэд энэ орд чинь ашиглагдаад дуусчих юм биш биз дээ. Энийгээ хэлж чадахгүй сууж байдаг, ийм хариуцлагагүй байж болохгүй ээ. Зэсээ дагаж гардаг алт, мөнгө бусад дагалдах баялгийн тоо хэмжээ, тооцоо судалгааг хийж чадахгүй, хэлж чадахгүй ийм өрөвдөлтэй байж болохгүй.
Сэтгэгдэл (17)