Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Тэргүүн дэд сайд Ван Шиао Хун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Монгол Улс нь БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, тэгш эрх, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж ирснийг Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтын эхэнд тэмдэглэв. Мөн Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулах нь чухал хэмээгээд Монгол Улсын ХЗДХЯ, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хамтран гэмт хэрэг, тэр дундаа хар тамхи, хүний наймаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллана гэдэгт найдаж байгаагаа дурдсан юм.
Хоёр улсын, хууль сахиулах, аюулгүй байдлын байгууллагууд хамтын ажиллагаа эрчимжиж байгааг БНХАУ-ын НАХЯ-ны Тэргүүн дэд сайд Ван Шиао Хун дурдлаа. Цаашид гэмт хэрэгтэй тэмцэх, мэдээлэл солилцох, хил орчмын хууль сахиулах, аюулгүй байдлын байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө ажиллахаа илэрхийллээ.