Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбоо болон түүний гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.
2009 оноос эхлэн зохион байгуулж буй Европын Холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын уулзалт маргааш буюу энэ сарын 29-нд Улаанбаатар хотноо болох юм. Уулзалт нь Элчин сайд нар Улаанбаатар хотноо цуглан Монгол Улсын Засгийн газрын гишүүдтэй уулзаж, манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, хамтын ажиллагааны талаар санал солилцох боломжийг олгодог билээ. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын гишүүд Элчин сайд нарт мэдээлэл хийж, Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Л.Христеа болон 20 улсын Элчин сайд, 6 улсын Элчин сайдын яамны Түр хамаарагч оролцох юм. Уулзалт бүрийн өмнө тогтсон уламжлалын дагуу Элчин сайдууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж буй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Элчин сайд, төлөөлөгчидтэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн мэнд дэвшүүллээ.
Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлал, “Бүс ба зам” санаачилга, дотоодын хууль эрхзүйн орчинд гарч буй өөрчлөлт зэргийг тодруулж, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх асуудлаар тогтож ярилцлаа.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэр тус улсын дарга Ши Жиньпин БНХАУ импортлогч улс болж буйгаа зарласан нь анхаарал татаж, хил залгаа манай улсын экспортыг нэмэх боломж хэмээн харж буйгаа дэлгэрэнгүй тайлбарлав. Монгол Улсад экспортын олон боломж байгаа дотор хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар БНХАУ, бүс нутагтаа бараа, бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэж үзэж буйгаа Төрийн тэргүүн танилцуулав. Ингэхдээ Европын улс орнуудаас дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх замаар бараа бүтээгдэхүүнийг Европын Холбоо төдийгүй манай хөрш орнуудын зах зээлд нийлүүлэх өргөн боломж бий гэсэн юм.
Элчин сайд нар Ерөнхийлөгчийн дурдсан чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, бололцоог судлан анхаарч ажиллахаа хэлсэн юм. Мөн Европын холбооны улсуудын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг дотоодын компаниудтай холбох, экспортын боломжийг нэмэгдүүлэх үүднээс өргөн хүрээний уулзалт зохион байгуулах асуудлаар ярилцаж, харилцан ойлголцолд хүрэв.
Мөн Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ” санаачилгыг сонирхож, энэ сэдвээр үргэлжлүүлэн ярилцлаа. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд нарыг анхаарч ажиллана гэдэгт гүнээ итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.