Өнөөдөр хуралдаж, 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах байсан МАН-ын Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ
Бага хурал хойшилсон нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой. Учир нь ҮХЦ-ийн Дунд суудлын өчигдөрийн хуралдаанаас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, харин 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тов тогтоосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэх дүгнэлт гаргасан билээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй. Харин түүний сонгогдсон тойрог буюу 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тов тогтоож, төсөв баталсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн сонгуулийн тов тогтоосон УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлж байгаа юм.
Хуулийн дагуу ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ УИХ 15 хоногийн дотор шийднэ. Хэрэв УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авах шийдвэр гаргавал 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болохгүй. Харин хүлээж авахгүй тохиолдолд ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар энэ асуудлыг дахин хэлэлцэх юм.
Ийнхүү Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн учир МАН Бага хурлаа хойшлуулжээ.