УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Энэ тухайгаа иргэн Д.Ганхуяг “УИХ-ын гишүүн Д.Гантулга хэдийгээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч хэрэгт холбогдсон эсэх нь тодорхойгүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад чөлөөлсөн нь буруу. УИХ-ын гишүүнийг хууль бусаар чөлөөлсний дараа нөхөн сонгууль зохион байгуулах гэж байгаа нь бас буруу. УИХ-ын гишүүн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан, түүний дараа нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн. Тиймээс Д.Гантулгыг гэм буруутай, буруугүйг тодорхой болгосны дараа нөхөн сонгууль зохион байгуулах ёстой гэж үзсэн учраас цэцэд хандсан" хэмээн тайлбарласан байдаг.
Үндсэн хуулийн цэц өнөөдөр асуудлыг Дунд суудлын хуралдаан зарлаж уг асуудлыг хэлэлцлээ. Дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдэн төлөөлөгчөөр Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцсон байна. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго уншиж танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүнийг чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзжээ. Харин нөхөн сонгууль зарласан УИХ-ны тогтоол нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн байна гэж үзсэн байна.
Товчоор хэлбэл Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тогтоол хэвээр үлдсэн ч, Нөхөн сонгууль болох эсэх нь тодорхойгүй боллоо.