Өнгөрөгч баасан гаригт явуулсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулж, орон нутагт олонхи суудал авлаа. Нийслэлийн ИТХ-ын 45 суудлаас 40-ыг нь МАН авч, үлдсэн таван суудал АН-д оногдов. Мөн 21 аймгаас наймыг нь АН авч, үлдсэн 13 аймагт МАН олонхи болсон урьдчилсан мэдээ байна.
УИХ-д 43 суудалтай АН 68 суудалтай МАН-тай хамтарч Засгийн газар байгуулсны үр дагавар орон нутаг дээр ингэж тусав. АН болон ХҮН-ыг Засгийн газарт урьсан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эхний хожлоо авлаа. Хэрэв АН Засгийн газарт ороогүй, эрх баригч намтай нэг хөнжилд шургаагүй, иргэдийн сонголтыг хүндэтгээд сөрөг хүчнээ хийгээд явсан бол ядаж нийслэлийн сонгууль ингэж дуусахгүй байсан нь лав. УИХ-д олонхи суудал авсан, дангаараа Засгийн газраа байгуулах (хуулиараа) ёстой байсан МАН-ын дарга Үндсэн хуулийн заалтыг зөрчин байж сөрөг хүчнээ засагт урьсан эхний зорилго нь энэ байсан болов уу. Иргэд ч хамтарсан Засгийн газрын хаяа хатавчинд шургалсан хоёр намд тохирсон дүнг нь тавилаа.
Хоёр дахь ээлжит бус чуулганаар баталсан 2024 оны төсвийн тодотгол. АН, ХҮН хоёр кабинетийн гадна байсан бол МАН дангаараа хийж чадахгүй нь тодорхой. Одоо Л.Оюун-Эрдэнэд нэг л ажил үлдсэн. Арванхоёрдугаар сарын 1 гэхэд 2025 оны төсвийн хуулиа УИХ-аар батлуулаад авбал МАН-ын Засгийн газарт АН, ХҮН хоёрын шаардлага үгүй болно. Тэр цагт уригдаж ирсэн гийчид хөөлгийн дуутай буцах нь маргаангүй. АН-ын гишүүд ч гараа хумхиад суухгүй нь тодорхой. Хамгийн түрүүнд намаа сонгуульд ялагдуулсан Лу.Гантөмөр, нийслэлд ялагдал хүлээсэн Т.Батцогт нар хариуцлагаа хүлээж таарна.