НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш тус байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудын дунд зөрчилдөөн үүссэнийг шүүмжилж, ийм байдал нь зөвлөлийн болон НҮБ-ын хууль ёсны байдал, үр нөлөөг алдагдуулж байна гэж мэдэгджээ.
Тэрбээр лхагва гарагт НҮБ-ын гишүүн 90 гаруй орны удирдагчид оролцсон Аюулгүйн Зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцон үг хэлэхдээ ийнхүү мэдэгдсэн байна.
“Геополитикийн хуваагдал нь үр дүнтэй шийдлүүдэд хүрэхэд саад учруулсаар байна. Аюулгүйн Зөвлөл нэгдмэл байх нь энх тайвныг цогцлооход асар их өөрчлөлтийг авчирч чадна. Харин хуваагдмал зөрчилтэй зөвлөл ингэж чадахгүй” гэж тэрбээр хэлжээ.
Украин, Газын зурвас болон дэлхийн бусад хэсэгт дэгдсэн мөргөлдөөнийг зогсооход тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, санал санаачилга гаргахаар Зөвлөлийн гишүүд болон бусад орны удирдагчид лхагва гарагт уулзсан байна. Тэд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөөх хүчин чармайлтаа бэхжүүлэхэд санал нэгдэж, өдгөө тулгарч буй сорилт нь урьд урьдынхаас илүү шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байгааг онцолжээ.
Аюулгүйн Зөвлөл мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлж чадаагүй гэж олон хүн буруутгаж байгаа бөгөөд байнгын таван гишүүн улс хориг тавих эрхээ байнга эдэлдэг нь зөвлөлийн үйл ажиллагааг доголдуулж байна гэж үзэж байна.
Дэлхийн олон орны удирдагчид хориг тавих явдлыг хязгаарлахыг санал болгосоор ирсэн бол зарим нь байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэхийг шаардаж байгаа юм.